Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй, МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд “Дулаалсан байшинтай танилцах, барилгын эрчим хүч хэмнэлтийн үр дүнг танилцуулах нээлттэй өдөрлөг”-ийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг. Ингэснээр барилгын дулаалга, эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар төр, хувийн хэвшил, дотоодын болон олон улсын байгууллагууд, олон нийтэд тайлбарлан таниулж, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодитой ажил, арга хэмжээ авахад нь түлхэц болохыг зорьдог юм.
Энэ удаагийн нээлттэй өдөрлөгөө “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд Бодь Пропертийз ХХК-ийн санхүүжилтээр бүтэн дулаалга хийсэн 2 айл өрхийн нэг болох СХД-ийн 7-р хорооны иргэн У.Насанбатын дулаалсан байшинд зохион байгууллаа. 7.8х6.8м хэмжээтэй энэхүү байшингийн хана, дээвэр, суурийг дулаалснаар 45 хувийн эрчим хүчний хэмнэлт үүсэж, тэр хэрээр түлш зарцуулалт буурснаар жилд 11,6 тонн хүлэмжийн хийн ялгарахаас сэргийлж, агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулж чадсан үр дүнтэй байна.
Өөрөөр хэлбэл, дулаалахаас өмнө жилийн цахилгааны хэрэглээ нь 34691 кВТ.цаг байсан бол дулаалсны дараа энэ үзүүлэлт 19244 кВт болж буурч байгаа юм. Мөн цонх сайжруулж, хаалга сольсон гэх мэт ажлууд хийснээр барилгын насжилт, өнгө үзэмж сайжран, дулааны тав тух нэмэгдэхийн зэрэгцээ өрхийн эдийн засагт эерэг нөлөөлж байна. Тодруулбал, тухайн айл өрх дулаалга хийлгэхээс өмнө сард 200 мянган төгрөгийн түлш хэрэглэж, өдөрт 2 удаа галладаг байсан бол дулаалга хийлгэснээр энэ зардал 100 мянган төгрөг болтлоо буурч, өдөрт нэг удаа галладаг болсноо бидэнтэй хуваалцсан юм.
Нээлттэй өдөрлөгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний зохицуулах хороо, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын ажлын алба, Жэрэс ОУТББ, Бодь Пропертийз ХХК болон МБҮА ТББ-ын гишүүн компаниуд болох Бульдорс мон ХХК, Н Эй Би ХХК, ФЭЙРВИ ХХК, Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн алба, Эрчим инженеринг ХХК, БҮТИ ХХК, Дабль пирамид констракшн ХХК-ийн төлөөлөл оролцлоо.





