Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тавих нөхцөл, шаардлага болон үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулахаар Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын сайдын 126 дугаар тушаалын дагуу байгуулагдсан “Ажлын хэсэг”-т МБҮА ТББ оролцож ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд 2025.01.14-ны өдөр бусад ТББ болон ААНБ-ууд болоод Гишүүн байгууллагуудын саналыг сонсох уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагыг Зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хууль, Барилгын тухай хууль зэрэг бусад хууль дүрэмтэй хэрхэн зохицуулж шинэчлэх болоод цаашид Тусгай зөвшөөрлийг орчин үеийн шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар өөрийн санал бодлоо солилцлоо. Мөн МБҮА ТББ-ын гишүүд болох Ультрасоник ХХК-ийн захирал Б.Чимэгцэцэг, Эрчим инженеринг ХХК-ийн захирал М.Батболд, АНэг компанийн захирал Г.Мөнхжаргал, Эрэлт импекс ХХК-ийн захирал Д.Энхтөр болоод бусад гишүүд саналаа өгч журмыг цаг үеийн шаардлагад нийцүүлж аж ахуйн нэгжүүдэд хүндрэлгүй, чирэгдэлгүй болгоход анхааран ажиллах талаар саналаа солилцлоо.





