Монгол Улсын барилгын салбарын барилгын материал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тээвэр, логистикийн сүлжээ, төсөл боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, үндэсний компани, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг бэхжүүлэх чиглэлээр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх, Монголын Логистикийн Холбоо ТББ-ын Тэргүүн А.Мөнхболд нар хамтран ажиллахаар санамж бичиг зурлаа.
Уг санамж бичгийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт дахь тээвэр, логистикийн сүлжээ төлөвлөлт, төсөл хөтөлбөр хамтран боловсруулж хэрэгжүүлэх, хамтарсан уулзалт, зөвлөгөөн, семинар, форум зохион байгуулах, статистик тоо мэдээлэл гаргахад хамтран ажиллах, судалгаа болон эрдэм шинжилгээний материал болон бусад холбогдох мэдээлэл солилцох, сургалт зохион байгуулан хоёр байгууллагын гишүүн байгууллагуудыг оролцуулах, чадавхжуулах тал дээр анхааран ажиллах юм.
Үүний үр дүнд талууд өөрсдийн давуу талуудаа түшиглэн Монгол Улсын барилга болон тээвэр, логистикийн салбарын цогц хөгжил болон тогтвортой оршин тогтнолд дэмжлэг үзүүлэх юм.





