February 8, 2023
МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС 2023 ОНД ХЭРЭГЖИХ АЖЛУУД, ТӨР БОЛООД ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДААС ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

МҮХАҮТ нь дэргэдээ Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл (БЭЭЗ)-тэй бөгөөд жил бүр үйл ажиллагаагаа тайлагнаж, дараа жил хийх ажлуудаа төлөвлөдөг уламжлалын дагуу 2023.02.07-ны өдөр танхимын хурлын зааланд хурлаа хийж, 2023 онд хийх томоохон ажлуудаа танилцууллаа. 

Тус салбар зөвлөл нь 2022 онд хийсэн томоохон ажлын нэг болох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл бүхий 13 эмэгтэй гишүүдийн төлөөллөөр дамжуулан Монгол Улсын УИХ-ын Дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Улсын зөвлөгөөнийг зохион байгуулснаа дурдлаа.

Харин 2023 онд үйл ажиллагааны цараагаа улам өргөжүүлж, НҮБ-ын жендэрийн төсөл, хамтын ажиллагааныхаа үйл ажиллагааны хүрээнд Азийн хөгжлийн банк (АХБ)-аас эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих төсөлд оролцохоор бэлтгэл ажлуудаа хангаж хөтөлбөртөө тусгахаас гадна, Японы Худалдааны танхимын БЭЭЗ-тэй өрнүүлсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бизнесийн форум, үзэсгэлэн худалдаанд оролцох, АНУ, Канад, БНСУ-д бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох, Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах сан (IWEC)-ийн үйл ажиллагаанд нэгдэх, шалгаруулалтад оролцоход анхаарлаа хандуулан ажиллахаар тогтлоо.

Тус зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь сонгогдон ажилладаг байгаа болно. Мөн МБҮА ТББ нь дэргэдээ Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл (БЭЭЗ)-ийн нэгжтэй болоод 1 жил болж байна.

МҮХАҮТ-ын дэргэдэх БЭЭЗ-ийн энэ жилд хэрэгжүүлэх томоохон ажлууд:

✅ Баруун 5 аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулах,   

✅ “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх жагсаалтад оруулах,

✅ Гаднын улс оронд байдаг хүнсний үйлдвэрүүдэд НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах боломж байдгийг хуульд тусгуулж, саналаа оруулах,

✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд голлон төвлөрөх,

Харин бизнес эрхлэгчдийн төлөөллүүд нь

✅  Ажил тус бүр дээр “Ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллах,

✅ Хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд, төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллах,

✅ Мэдээллийн сүлжээг үүсгэх,

✅ Сайн үйлсийн хүрээнд Налайх дүүрэгт баригдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг барих ажилд сайн дурын тусламжийг үзүүлэх,

✅Үйл ажиллагаандаа идэвхтэй оролцох,

✅ Дундын сантай болох саналуудыг гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.

Харин уг хурлын үеэр яригдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд ямар төсөл хөтөлбөрүүдийг хаанаас, ямар хугацаанд хэрэгжих, эргэн төлөгдөх нөхцөл нь ямар байх, ЖДҮ-ийн сангаас олгогдох зээлийн нөхцөл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хөнгөлөгдөж байгаа эсэх болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр”-ийн хүрээнд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж эхлэх гэж буй төсөл хөтөлбөрийн мэдээллүүдэд судалгаа хийсний дагуу МБҮА ТББ-ын БЭЭЗ-д эдгээр асуудлын талаарх мэдээллийг эргэн мэдээлж ажиллахаар боллоо. Мөн уг хурлын үеэр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь тус зөвлөлийн Бодлогын зөвлөлд ажиллах болсон бөгөөд “Дундын сангийн тухай” журмыг боловсруулах санаачилгыг гарган эргэн танилцуулахаар боллоо.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ