Барилга, архитектурын салбарт мэргэжлээрээ тасралтгүй 42 жил ажиллаж байгаа, саяхан “Гавьяат барилгачин” цолыг хүртсэн, “Ти энд Жи” ХХК-ийн Ерөнхий захирал, МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Зөвлөх архитектор Н.Цогтоог энэ удаагийн “OPEN TIME” буландаа урин оролцуулж байна.
2022 оны хувьд таны болоод бидний хувьд мартагдашгүй хувь ерөөлт жил тохиолоо. Шинэхэн Гавьяатынхаа барилгын салбарт хөл тавьсан тухайгаас ярилцлагаа эхлүүлье?
Юун түрүүнд миний энэ салбарт ажилласан он жил, хийсэн бүтээснийг минь үнэлж, дэмжиж “Гавьяат барилгачин” хэмээх алдар цолд тодорхойлсон өөрийн компани болон Барилгын ассоциацийн хамт олондоо баярласнаа илэрхийлье. Миний хувьд Увс аймгийн Тэс суманд төрсөн баяд ястан, эцэг эхээс 9-үүлээ. Улаангомд 1976 онд 10 жилийн сургуулиа дүүргэсэн. МУИС-ийн архитектурын ангид орж сураад сурч, 1981 онд төгсөөд Завхан аймгаас ажлын гараагаа эхэлж байлаа.
Тухайн үед архитектор ховор, шинэ мэргэжилд тооцогдож байсан үе. Хаа байсан Увсын баруун хязгаараас энэ мэргэжлийг сонгоод ирж сурч байсан гэхээр их холыг харж дээ?
Үгүй тийм бишээ. Сургууль төгсөөд элсэлтийн шалгалт өгөх үед ийм мэргэжил орж ирээгүй юмаа, тийм сайхан мэргэжил байдаг гэдгийг би өөрөө ч сайн мэдэхгүй явж байсан юм. Миний хувьд зурах сонирхолтой, дөртэй байсан болохоор тухайн үеийн Багшийн дээдийн уран зургийн ангид зураач болохоор шийдэж, элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн юм. Гэтэл яг томилолтоо авах болоход яагаад ч юм тэр хуваарь нь будилаан болоод алга болоод, МУИС-ийн инженерүүдийн ангиудаас нэгийг нь ав гэж комиссын хүмүүс нь санал болгосны дагуу аргагүй байдалд орж Зам барилгын инженерийн ангийг би сонгож, тэр ангидаа хагас жил суралцаж байхдаа манай сургуульд архитектурын анги байдаг гэдгийг мэдээд, тэр салбарын тэнхимд хүсэлт өргөдлөө гаргаж, тусгай шалгалтыг нь өгч байж солиод орж, суралцаж, төгсөж байлаа. Сургуулиа гайгүй сайн дүнтэй төгссөн тул Улаанбаатар хотын аль нэг зураг төслийн байгууллагад хуваарилж ажиллуулах байх гэж найдаж байтал санаснаар болсонгүй, Завхан аймагт барилгын улсын байцаагчаар томилсон байсан. Тухайн үед барилгын улсын байцаагч нар нь Барилга архитектур, техник ажлын улсын хорооны харьяанд хамрагдаж, даргаар нь Сайд нарын орлогч дарга, Генерал С.Лувсангомбо гээд том хүн удирдаж байсан юм. Ингэж цэл залуухан 22 настайдаа Улсын байцаагч болоод Завханд томилогдон очиж байлаа (Үнэмлэхээ сонирхуулав). Уг нь эхэндээ явахгүй, зураг төслийн чиглэлээрээ ажилламаар байна, би энэ том хариуцлагатай ажлыг хийж чадахгүй байх энээ тэрээ гээд нэлээн үзээд нэмэр болсонгүй, сүүлдээ яах ч аргагүй болж улсын томилгоо, тушаалын дагуу ганц чемоданаа бариад таньж мэдэхгүй Завхан аймаг руу явж байсан юм. Эхний хэдэн сардаа зочид буудалд байрладаг байлаа. Улсын байцаагч гэдэг нь тухайн үедээ аймаг орон нутагтаа маш хариуцлагатай том албан тушаал байлаа шүү дээ. Анхандаа ч учраа олохгүй дарга нарын хий гэснийг нь хийгээд гүйж байлаа, 2 сарын дараанаас сая ажлынхаа учрыг нь олж ажилдаа гайгүй зүгширч байсан санагдана. Аймгийн төв болон хөдөө суманд баригдаж байгаа бүх барилгууд дээр очин шалгаж хяналт хийнэ, барилга ашиглалтад орох комиссыг удирдана, муудсан, нурж байгаа, засвар хийх болсон барилгуудад дүгнэлт гаргана, барилгын ажилд оролцож байгаа инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагаанд дүгнэлт тавьж, зааварчилгаа өгдөг, Улсын байцаан шалгах газарт байнга тайлан мэдээ явуулж зөвлөгөө заавар авах гээд овоо их ажилтай, Завхан нутаг том, олон сумтай, байнга л хөдөө явж байдаг хүн байлаа. Ингэж л ажлын гараагаа хөдөө, орон нутгаас эхэлж байлаа.
Та хөдөө орон нутагт нэлээн тууштай ажиллаж дээ, дараа нь?
Тэгсэн тэгсэн. Завханд ажиллаж байгаад дараа нь Булганд томилогдож очиж Аймгийн захиргаанд Архитектор, Барилгын захиалагчийн товчооны даргын ажлыг 1984 оноос 1989 он хүртэл хийсэн. Тухайн орон нутагт улсын төсвөөр баригдаж байгаа бүх барилгуудын зураг төслийг нь захиалж хийлгээд, гүйцэтгэгчтэй нь гэрээ байгуулж, барилга дээр нь хяналт тавих, санхүүжүүлэх, ашиглалтад өгөх хүртэл ажлыг хариуцан ажилладаг багийг удирдан ажиллаж байсан юм. Залуудаа хөдөө, орон нутагт шүүсээ шахуулж ажилласны хүчинд тэр мэдлэг туршлага маань дараа дараачийн ажил амьдралд маань их сайнаар нөлөөлсөндөө гэж би боддог. Нутаг орондоо дасаж, олон сайхан хамтрагчид, найз нөхөдтэй болж сайхан л байлаа. 80-аад оны сүүлээр Орост гарч ирсэн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр Монголд ч юм юм өөрчлөгдөх шинжтэй болж ирсэн цаг үед олон талаас нь бодож үзээд Улаанбаатар явж амьдрахаар шийдэж байлаа. Тэгээд Улаанбаатарт шилжин ирж тухайн үед Барилгын яамны харьяа Барилгын материалын концерны дэргэд шинээр байгуулж байсан Барилгын материалын үйлдвэр дундын Барилга угсралтын конторт Ерөнхий инженерээр томилогдож жил гаруй ажилласан. Дөнгөж л шинээр байгуулагдсан компанийг үүсгэн байгуулах, хөл дээр нь босгох ажлыг эхлүүлсэн, овоо хэдэн барилга бариулж, хэд хэдэн үйлдвэрийн их засварын ажлыг гүйцэтгээд энэ конторын ажил овоо зүгшрэх байдалтай явж байлаа. Гэтэл 90 оноос улс орны нөхцөл байдалд ардчилал, шинэчлэл, зах зээлийн харилцаа гээд нийгэм, эдийн засаг нэлээн өөрчлөгдөж, 91 оноос өмч хувьчлал явагдаж зарим үйлдвэрүүд, тэр дундаа барилгын олон үйлдвэрүүд хувьчлагдаж, бас хаалгаа барьж, хувийн компаниуд олноор байгуулагдаж, төр засаг ч шинээр байгуулагдаж байгаа хувийн компаниудыг дэмжиж байлаа. Энэ байдлаас шалтгаалан миний ажиллаж байсан улсын барилгын компани нь нэг л явцгүй хүнд байдалд орж эхэлсэн тул энэ ажлаа хүлээлгэж өгөөд хэдэн найзууд, инженерүүд нийлээд барилгын “Сайхан” нэртэй хоршоо (дараа нь хувийн компани болсон)-г байгуулан ажиллаж байлаа. Бид барилга барих, барилгын бетон материалыг үйлдвэрлэх, худалдаа, наймаа хийх зэргээр шинээр үүссэн нөхцөл байдал, зах зээлд байр сууриа олох санаатай зүтгэж байв, дандаа залуучууд нийлсэн тул эрчтэй, шаргуу ажиллаж байв. Тухайн үедээ тус компани маань 150-иад хүнтэй, хэд хэдэн салбар үйл ажиллагаагаа явуулдаг анхны гайгүй нэртэй компаниудын нэг болон өргөжиж, овоо үр ашигтай, бүтээлтэй байсан, би тэнд нь Ерөнхий инженер, Тэргүүн дэд захирлаар 5 жил ажилласан юм.
Компаниа байгуулсан түүхээсээ хуваалцаач та?
1996 онд тусдаа гарч одоогийн “Ти энд Жи” компаниа шинээр байгуулж эхэлсэн юм. Өөрийн хувийн компаниа байгуулж бүртгүүлчхээд, би юу хийж чадах билээ гэж бодсоны эцэст өөрийн сайн чадах, сурсан мэргэжлээ ашиглан ажиллах нь зөв болох байх гэж үзээд барилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэхээр шийдэж, найз нөхдөдөө санал болгон компанидаа ажилд авч, 3 архитектор, 1 инженер, нийлээд дөрвүүлээ болж анхны ажлаа эхлүүлж байлаа. Анхны ажил маань Улаанбаатар төмөр замын Олон улсын билетийн касс гээд Вокзалын зүүн талд одоо байгаа шилэн фасадтай барилгын зураг төслийн ажил байлаа, тухайн үедээ Улаанбаатарт монголчуудын зургаар, монгол компанийн гүйцэтгэлээр анхны шилэн фасадтай барилгын зургийг хийлээ гээд тухайн үедээ хөөрхөн хөөрч, хөгсөж байлаа шүү дээ. Энэ цагаас хойш өнгөрсөн 27 жилийн хугацаанд барилгын зураг төслийн чиглэлээр тасралгүй ажиллаж, нийт 300 гаруй барилгын объектын зургийг хийснээс 70 гаруй хувь нь баригдаж боссон, хүмүүсийн ажил амьдралын хэрэгцээнд ашиглагдаад байж байна. Ер нь архитектор хүмүүсийн гол кайф, урам авдаг зүйл бол өөрсдийнх нь зургийн дагуу баригдсан барилга нь ашиглаж буй хүмүүсийн хэрэгцээ, тухайн цаг үеийн шаардлагыг хангаад олон жил зогсож байгаа байдлыг харах л байдаг юм. Ийм сайхан мэргэжил эзэмшсэнээрээ бахархаж, үргэлж сэтгэл санаа өөдрөг сайхан явдагтаа би бас их азтай хүн шүү.
300 гаруй барилгын зургийг зурсан гэсэн, маш их ажил, олон бүтээл юм шиг санагдлаа, эдгээрээсээ илүү тодруулж ярьж өгвөл?
Манай компани чинь 27 жилийн түүхтэй, тэрний эхний он жилүүдэд дан зургаараа л дагнаж, түүнээс хойш ч энэ чиглэлээрээ тасралтгүй ажилласаар байгаа. Барилгын зураг төслийн ажил бүтээл гэдэг бол мэргэжлийн гар нийлсэн хүмүүс, хамт олны бүтээл байдаг гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байх. Өнгөрсөн энэ олон жилийн хугацаанд надтай гар нийлэн ажиллаж байсан олон сайхан авьяаслаг архитекторууд, чадалтай бүтээлч инженерүүд, эрч хүч, хүсэл мөрөөдөл дүүрэн сайхан залуусыг дурдахад сайхан байна, энэ ярилцлагаар дамжуулан тэдэндээ үргэлж баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр санагдлаа. Энэ хугацаанд боловсруулсан зураг төслийн ажлуудаасаа дурдвал, 90-ээд оны эхээр улс эх орны эдийн засгийн байдлаас шалтгаалан шинэ барилгад хөрөнгө оруулах явдал бараг байхгүй болсон байсан, тэр үед их засвар шинэчлэлийн ажлуудын зураг ихэнхдээ хийж байсан даа. Монгол банкны шинэчлэл, өргөтгөлийн 4 блок барилгууд, Их тэнгэр цогцолбор, мөн тэр аманд байсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын байрны засвар шинэчлэлийн зургуудыг 1998-1999 онд хийж байсан юм байна. Монгол банкны “А” блок буюу одоогийн Голомт банкны 1-р төвийн барилга нь тухайн үедээ хуучин биеийн тамирын заал шиг өндөр таазтай 1 давхар барилга байсныг 2 давхар болгож, интерьер дизайнтай нь хамт зурж байсан, одоо эдгээр барилгууд нь тухайн үед засвар шинэчлэл хийсэн яг тэр байдлаараа л байж байна. Түүний дараа Голомт хотхоны зургийг хийсэн, 1999 онд уг зургийг боловсруулж байхад дараа жил нь Олимп болно гээд нийгэмд нэлээн дуулиантай байсан, энэ байдал бидэнд нөлөөлж 5 цагаригийн хэлбэр байршлаас санаа авч билэгдэн, 5 блок өндөр орон сууц бүхий цогцолборын зургийг гаргаад хийж байсан санаанд орж байна. Энэ 16 давхар барилгууд тухайн үедээ Улаанбаатарын хамгийн өндөр барилгад тооцогдох болж, манайд ийм өндөр барилгын зураг төсөл боловсруулж байсан туршлага дутмаг, мөрдөж байсан нормын заалтууд нь зарим асуудлыг зохицуулж чадахгүй, төвөгтэй шийдэх асуудлууд олон тулгарч байсан даа. Харин энэ барилгыг барих гүйцэтгэгч Хятад компани нь эрт тодорхой болсон байсан тул бид тэдэнтэй ярьж Монголын том том зөвлөх инженерүүдтэй зөвлөж, шалгуулж байж уг зургийг дуусган батлуулж, энэ нь тухайн үедээ л томоохон цогцолбор барилга болон баригдаж байлаа. “Голомт хотхон” маань хамгийн өндөр, цутгамал бетон ханатай, доороо 2 давхар 300 гаруй машины зогсоолтой, хотхоны талбайд машин явдаггүй, хөгшид хүүхдүүд амгалан тайван амрах зориулалтаар тохижуулсан орчинтой, суурь нь 1.5 м-н гүнд усанд суусан тул зоорийн давхрыг нь хөрсний уснаас бүрэн тусгаарлах арга хэмжээг авч төлөвлөсөн гээд тухайн үедээ анхных болох олон ололттой, сайн шийдэл, дэвшлийг дагуулсан сайн төсөл болж байсан гэж санагдаж байна. Тэр барилгыг “Бодь пропертиз” ХХК-ийн захиалгаар, миний багш Шинжлэх ухааны академийн гишүүн, Профессор Дашжамц гуай удирдан бариулсан юм. Одоо энэ барилга жаахан хуучирсан харагдаж байсан, баригдсанаас хойш 20 гаруй жил болсон тул засвар тордолт хийх цаг нь болсон харагдана лээ. Үүний дараа мөн Бодь компанийн захиалгаар Санзайн аманд баригдах хувийн орон сууцны хотхоны зургийг хийж байсан юм байна. 2000 онд АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг (USAID)-ын шугамаар АНУ руу барилгын салбарын цөөн хэдэн захирлуудыг сонгон туршлага судлуулах журмаар явуулахад нь 5 хотоор, түүний төгсгөлд нь Аляскийн Фэйрбанк хотоор аялуулсан юм. Тэгж явахдаа хэд хэдэн хаус хорооллоор орж үзэж юу байдаг талаар олж харж байсан, тэр туршлага мэдлэгийнхээ хүрээнд Санзайн хаус хорооллын ерөнхий төлөвлөлт, барилгуудын зургийг хийж байлаа. 2000 оны эхээр МSC, Макс, Бодь групп зэрэг компаниуд нь олон том сайхан төслийг хэрэгжүүлэх болж, тэдний захиалгаар Өмнөговийн Ухаа худгийн Цогтцэций дахь уурхайн болон олон нийтийн анхны барилгууд, Кока кола үйлдвэрийн барилга, Вива виста хотхон, Макс тауэр, “Хийморь” орон сууцны хотхон, “Энканто” хотхоны зургууд гээд олон зургийг зурсан даа.
Та их даруухан хүн юм. Парламентын ордон, Оюу толгой төсөл, Ухаа худаг төсөл гээд гадна дотнын том объектуудын зургийг танайх зурсан гэж сонсож байсан. Яагаад энэ талаараа ярьж байгаагүй билээ?
Миний, манай хамт олны талаар манай салбарынхан сайн мэддэг учраас би ийм тийм юм хийсэн, бүтээсэн гэж илүү дуугараад явах нь зохимжгүй гэж би хувьдаа боддог юм. Парламентын ордны зургийг Кувейтийн сангийн хөрөнгөөр баригдахаар болоод Олон улсын тендерийг зарлаад гаднын 15, дотоодын 15 компаниуд оролцсоноос манайх Кувейтийн 1 компанитай хамт шалгараад зургийг нь хийгээд батлуулаад, баригдахын өмнө нь улс төржөөд зогссон түүхтэй. Баригдаагүй болохоор юу хэлэх билээ. Харин хэрэгжсэн, баригдсан, хүмүүсийн сайн мэдэх томоохон объект гэвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Буянт-Ухаа спорт цогцолборын зургийг Шанхайн зургийн компанитай хамтран боловсруулсан юм. Уг цогцолборыг Монгол гэр хэлбэрийн архитектурын загвараар зурах санааг Хятадын архитекторуудад зөвлөж, санаа эскизийг нь зурж өгч байсан нь биеллээ олсонд баяртай байдаг. Томоохон үйлдвэрүүдийн зураг гэвэл Кока кола, Витафит, Хаан жимс гээд үйлдвэрүүдийн барилгын зургийг зурж байлаа. Мөн Оюу толгойн уурхайн анхны ерөнхий төлөвлөгөөний зургийг Канадын Floor компанитай хамт гарган батлуулж байсан. Түүнчлэн, Оюутолгойн анхны барилга болох 2 давхар цайны газартай конторын барилгаас эхлүүлээд 2000, 4000 ажилчдын байрны цогцолбор, 500 ажилчин нэг дор хооллох ажилчдын хоолны газар зэрэг энэ том уурхайн эхний барилгуудын олон зургийг хийснээрээ бид бахархаж явдаг. Бас Христийн сүмүүдийн олон төсөл дээр ажиллаж байсан юм байна. Сүүлийн 10-аад жил “Энканто” орон сууцны цогцолбор, “Оргил худалдааны төв”-үүд гээд Сёкл компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн барилгуудын зургууд дээр нэлээд ажиллаа.
Барилгын зургаас гадна та өөр олон чиглэлээр бизнес хийдэг харагдлаа?
2000 он хүртэл манай компани нь дан барилгын зургаар дагнан ажиллаж байсан. Зургийн ажил бол тийм ашигтай биш байсан, одоо ч тийм. Монголд оюуны хөдөлмөрийг өндөр үнэлэх цаг нь ирээгүй байгаатай холбоотой байх. Зах зээлийн жамаар олон жил явсан хөгжингүй орнуудад шал өөр, зураг төслийн ажлын болон архитекторуудын ажлын үнэлгээ нь манайхыг бодоход хэд дахин өндөр байдаг. Үнэлгээ хэрвээ сайн байсан бол зургийн компаниуд хүчирхэгжээд томроод явах байлаа, харамсалтай нь тийм юм болохгүй л байна. Энэ байдал нь намайг өөр ашигтай байж болох бизнес давхар хийх санааг өгсөн юм. Архитектор хүний онцлог нь салбарынхаа урд явж байх үүднээс хаана шинэ материал, технологи, менежмент, ноу-хау гарч байна тэдгээрийг судлан мэдэж байх ёстой байдаг.Тэр ч үүднээс жил бүр гадагшаа явж барилгын үзэсгэлэн, худалдааг очиж үздэг байсан. Нэг удаа Шанхайд болсон нэг үзэсгэлэн дээр Шинэ Зеландын AHIROOPING компани нь “ДЕКРА” брэндийн сайн чанарын дээврийн материалыг танилцуулж буйтай таарч Монголд ийм сайн чанартай материалыг оруулж нийлүүлэх хүсэл төрж тэдэнтэй холбогдсоноор 2000 оноос эхлэн энэхүү “ДЕКРА” дээврийн материалын импортын худалдааны чиглэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн, тэр нь цаашаа өргөжиж явсаар одоогийн байдлаар Польш, Шинэ Зеланд, ОХУ, Солонгос, Хятад улсуудын дэлхийд танигдсан олон төрлийн сайн чанартай дээврийн материалуудыг зах зээлд нийлүүлж байна. Тухайн үед би Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд сүмийн барилгын зураг төсөл дээр ажиллаж байсан тул боломж гарч тэр сүмүүдийн дээврийг “Декра”-аар хийсэн нь олон хүмүүсийн анхааралд өртөж, энэ бүтээгдэхүүнийг олон орон сууцны хотхонуудын барилгад авч ашиглах байдлаар өргөжин тэлж, одоо энэ сайн чанартай дээврийн материал нь Монголд үндсэндээ нутагшаад, түгээмэл хэрэглэгддэг материал болоод байна. Чанарыг нь сайн мэддэг хэрэглэгчид, захиалагчид маань энэ брэндийг авч хэрэглэж хэвшсэн байна. Тэгээд яваандаа энэ бизнесээ Дээврийн материалын төв болгон өргөжүүлж, дээврийн ус зайлуулах систем, ус тусгаарлах түрхлэгүүд, хар цаас, мембранууд, усны суваг гээд сайн чанартай олон төрлийн материалуудыг импортлон барилгын гүйцэтгэгч, хэрэглэгчдэд нийлүүлж, угсралт хийж байна.
Танайх чинь бас нөгөө алдарт Hoermann брэндийн металл хаалгыг бас нийлдэг байхаа?
Тиймээ, Hoermann брэндийн хаалганы талаар 2007 онд Польшид үзэсгэлэн үзэж яваад олж мэдэж байлаа. Тухайн үзэсгэлэнгийн голд нь хамгийн том орон зайг эзлээд, хамгийн гоё, хамгийн олны анхаарлыг татсан бүтээгдэхүүнээ танилцуулж байсан. Миний ч анхаарлыг их татсан, олон талаас нь харж танилцсан, үнэхээр маш сайн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлдэг, олон жилийн сайн туршлагатай ийм том компанитай хамтран ажиллах, энэ сайн чанарыг Монголдоо оруулах хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн тэдэнтэй янз бүрийн байдлаар харилцсаар Монголын зах зээл дээр хамтран ажиллахаар тохирч, анхны захиалгаа Ухаа худгийн уурхайн Том машины засварын газрын 11м-н өргөнтэй, 8м-ын өндөртэй хаалгануудыг нийлүүлж, угсрах ажлаар эхэлж байлаа. Түүнээс хойш бид Монгол Улсад хэрэгжсэн үйлдвэр, сургууль, эмнэлэг, орон сууцны гээд олон том төслүүд дээр Hoermann брэндийн металл хаалга, хаалтыг нийлүүлэн амжилттай ажиллаж байна. Манай Hoermann дистрибьютер багийнхан нь хаалга угсралтыг чанарын баталгаатайгаар өндөр түвшинд угсарч суурилуулахаас гадна баталгаат хугацааны дараа ч сервис үйлчилгээг үзүүлж байдаг юм. Манай өөр нэг бизнес бол 10-р хороололд байрладаг “NEW WEST” зочид буудал юм. 2003 онд болсон анхны газрын эрхийн дуудлага худалдаагаар газрыг нь худалдан авч зочид буудлаа барьж, 2007 онд ашиглалтад оруулж байсан. Нэрийг нь байнга шинээрээ байж байхыг билэгдэн өгч байлаа. Архитектор хүний хувьд зургийг нь хийхдээ өөрийнхөө зочид буудлыг том биш ч, арай өвөрмөц, аятайхан юм болгоно доо гэж бодож хичээн хийж байлаа. Корона-аас өмнө дулааны улиралд гаднын жуулчид овоо ирж байрладаг байлаа, одоо жуулчин бага болсон цагийг нь ашиглаад буудалдаа өргөтгөл засвар шинэчлэлтийг хийж байна. Өнөөдөр манай компани нь 100-аад хүнтэй, 4 чиглэлээр салбарлан үйл ажиллагаагаа явуулдаг, жилдээ улсад тэрбум орчим төгрөгийн татвар төлдөг, салбартаа гайгүй танигдсан байгууллага болсон гэж бодож явдаг. Компаниа томсгоё, өргөжүүлье гэж бодохоосоо илүүтэйгээр сонгож авсан энэ хэдэн чиглэлдээ илүү үр дүнтэй, тогтож ажиллах юм сан л гэж бодож явдаг даа.
40 гаран жил энэ салбарт ажиллажээ та. Таны бодлоор Монголын барилгын салбарын хөгжил ер нь ямар байна гэж бодож байна вэ ?
Миний хувьд хөдөө малчны хотонд төрсөн хүн. Тиймээс хөдөө, орон нутагт хүүхэд бага насандаа, сүүлд сургууль соёл хөөгөөд оюутан байхдаа, дараа нь хөдөө, орон нутагт ажиллаж байхдаа Монгол Улсын хөгжил, соёл, барилга байшинг яаж барьж байсан билээ гээд олон жилийн өмнөхтэй харьцуулан бодож үздэг. Өнгөрсөн багагүй цаг хугацааг туулсан хүний хувьд хэлэхэд Монгол Улс нь харьцангуй хурдтай хөгжиж байгаа гэж би хардаг, ерөнхийдөө сэтгэл хангалуун байдаг. Сэтгэл дундуур, буруу зөрүү явж байгаа зүйлс, ингэсэн бол арай илүү хурдан сайн хөгжих байлаа гэх бодол ч байдаг л юм. Тухайлбал, сүүлийн 30 орчим жил манай салбарыг хариуцсан сайд нар нь дандаа өөр мэргэжлийн хүмүүс, сувилагч хүртэл манай салбарыг тэргүүлж байлаа, хэрэв салбарыг сайн мэдэх мэргэжлийн сайдтай байсан бол илүү амжилт олох байлаа гэх жишээтэй бодогдох зүйл бий, хийх зүйлс, тулгамдсан асуудлууд ч цаг ямагт байж л байдаг шүү дээ, авлигал, төрийн эрх мэдлийг ашигласан том хулгай гэх мэт. Би анх зураг төслийн компаниа байгуулж байхдаа хэдэн жилийн дараа тэдэн инженертэй, зургийн том хувийн компани байгуулсан байна ч гэдэг юм уу, янз бүрийн хүсэл мөрөөдөл байдаг л байлаа. Эргээд харахад эрх зүйн орчин, зургийн үнэлгээ, нийгэм, улс төрийн байдал гээд олон хүчин зүйлээс шалтгаалсан нөлөөллөөс мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч өөрийн чадах хэмжээнд хийж бүтээх ёстой зүйлээ бүтээсэн гэж боддог. Сүүлийн үед энэ салбарт олон жил зүтгэж яваа ахмад хүний хувьд өөрийн мэдэх чадах зүйлээрээ салбартаа, нийгэмд дуу хоолойгоо хүргэх үүднээс мэргэжлийн олон нийтийн байгууллага руу орон ажиллаж байна. Тухайлбал, 2007 онд хэдэн зургийн компанийн захирлуудтай нийлээд барилгын зургийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, зураг төслийн үнэлгээг бодиттой, арай илүү дээр болгохын төлөө тэмцэхээр санаа зорилгоо нэгтгээд Монголын Барилгын зураг төсөл зохиогчдын холбоог үүсгэн байгуулж байлаа. Энэ холбоо маань маргааш (2023.01.21-нд) Бүх гишүүдийн хурлаа хийх гэж байна. 15 жилийн дараа эргээд харахад бид нарын хүсэж байсан зорилго 100 хувь биш ч гэсэн эрх зүйн үндсэн асуудлуудаа шийдүүлсэн, үнэлгээгээ зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн гээд олон амжилтууд олсон байна. Мөн оюутан байх цагаасаа хойш Монголын архитекторчдын холбооны гишүүн байсан бөгөөд энэ холбооны Удирдах зөвлөлд нь сүүлийн жилүүдэд ажиллахаас гадна МБҮА ТББ-ын УЗ-д сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Хажуугаар нь бас орон тооны бус эксперт хийдэг, Архитектур, хот байгуулалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, БХБЯ-ны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн гишүүн гээд чадах, мэдэх зүйлээрээ салбарын мэргэжлийн орчинд дуу хоолойгоо өргөж, саналаа хүргэх тал дээр нэлээн цаг заваа зарцуулаад явж байна. Дээрээс нь Монголын Гольфийн холбооны УЗ-ийн гишүүн, Монголын анхны гольфчдын нэг. Анх Найрамдлын тэнд “Заг”-ийн Б.Нэмэхбаатар найз маань гольфийн талбай байгуулах үед зургийг нь зурж өгч байна гэж явж байгаад улмаар энэ спортод дуртай болж шингэсэн хүн байна даа (инээв).
Их баялаг үүх түүхтэй, нийгмийн идэвх сайтай хүн юм та. Барилгын салбарын хөгжилд яахын аргагүй санал бодлоо шигтгэж яваа хүний хувьд салбарын хөгжлийн талаарх байр суурийг тань сонсох гэсэн юм ?
Дээр хэлсэндээ, өмнөх нийгэм, цаг үетэйгээ харьцуулахад бол мэдээж хөгжилгүй яах вэ. Гэхдээ үүнээс хурдтай хөгжих боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Эргээд харахад манай яамны сайдууд дандаа мэргэжлийн бус хүмүүс байсан тухай дээр хэлсэн, үүнээс шалтгаантай их боломжууд алдагдсан, зарим үед буруу, зөрүү явж цаг алдсан гэхээр зүйлс их бий. Нөгөө талаар манай барилгын салбар цэвэр бизнесийн салбар. Бусад зах зээл хөгжсөн улс орнуудад энэ салбар нь нэлээд либерал маягаар буюу зах зээлдээ удирдагдсан, бизнесийн зарчмаараа арай илүү чөлөөтэй маягаар явдаг, манайх шиг яамны удирдлага, сайдын амыг харсан байдлаар явдаггүй. Гэхдээ өмнөх бүх зүйлийг үгүйсгээгүй, зарим цаг үед салбарын тулгамдсан асуудлыг зөвөөр олж харж шийдэхийг оролдож зүтгэн ажиллаж байсан сайд нар ч байсан, тухайлбал Б.Мөнхбаатар сайд салбараа арай гайгүй ойлгож ажиллаад, мэргэжлийн олон нийтийн байгууллагатайгаа хамтраад ажиллаж эхэлж байсан, гэхдээ салбарын эрх зүйн гол орчин болох Газрын, Хот байгуулалтын, Барилгын тухай хуулийн шинэчлэлийн ажлаа дуусгаад батлуулж чадалгүй явчихлаа. Одоо шинэ сайд маань яах юм байгаа юм. Мэргэжлийн олон нийтийн байгууллагууд нь гишүүн байгууллагуудынхаа хүсэл зорилго, эрх ашгийг нэгтгээд дуу хоолойгоо гаргаад эрх зүйн бичиг баримтаа сайжруулах, бизнесийн орчноо улам хөгжүүлэх идэвх санаачилгыг гартаа авсан гол хүч нь болж зүтгээд, тэрийг нь салбарын төрийн дээд байгууллага нь дэмжээд, хяналт тавих, эрх зүйн орчныг нь сайжруулах байдлаар явбал уул нь зөв юм шиг бодогддог.
Таны энэ цуглуулсан дэлхийн алдартай барилгуудын макет сувенирууд нь сонин гоё харагдаж байх чинь, ийм олноор нь нэг дор байхыг төдийлөн харж байгаагүй юм байна?
Миний хобби л доо. Очсон газар бүрээсээ сонирхож, цуглуулаад байсан чинь нэг харахад ийм болсон байна, аяллын түүхийг өгүүлдэг цуглуулгууд гэж хэлж болно, заримыг нь найз нөхөд маань бэлэглэсэн юм.
Танд баярлалаа





