Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ТББ-уудын үйл ажиллагааны талаар олон нийтийн цахим сүлжээнд ойр ойрхон давтамжтайгаар илтэд худал мэдээллийг гаргаж байгаа нь санаатай, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж, уг мэдээллийг тавьж байгаа эзэн холбогдогчийг хуулийн байгууллагуудад өгөхийг үүгээр мэдэгдэж байна. МБҮА ТББ нь Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг бусад 6 (зургаан) төрийн бус байгууллагын хамтаар хяналт, зохицуулалтын дор явуулдаг бөгөөд үйл ажиллагааны тайлан мэдээг улирал бүр БХБЯ-нд хүргүүлэн ажиллаж байна.
Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь 2021.07.01-ний өдөр бүрэн цахимд шилжсэнээр ААНБ-ууд нь өөрийн барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг хэрхэн, ямар төлөвтэй явж, хянаж, шийдвэрлэгдэж байгааг ил тод, нээлттэй харах нөхцөлийг бүрдүүлсэн, цаасан материалыг бүрдүүлэх шаардлагагүй болгосон, мэдээллийн үнэн зөв, баталгаат байдлыг төрийн мэдээллийн цахим системээр нягталж цаг хугацааг багасгасан, барилгын салбарын мэдээллийн нэгдсэн сангийн цахим системүүдтэй холбосон, хүний оролцоогүй болгосон зэрэг олон асуудлуудыг бүрэн шийдсэн билээ.
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ТББ-уудын гэрээний хугацаа дуусаж, сунгах гэж байгаа энэ цаг үед ямар нэгэн нотлох баримтгүйгээр, илтэд худал, ташаа, гүтгэлгийн чанартай мэдээллийг нэр хаягаа нуун цахим орчноор дамжуулж байгаа нь нэг удаагийнх биш бөгөөд цаад санаа нь барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг хариуцаж ашиг сонирхлоо оруулах, авлигал авах, хууль бус гэмт хэргийн чанартай үйлдлийг хийдэг хэсэг бүлэг хүмүүсийн ээлжит гүтгэлэг гэдгийг бид нотолно.
Өөрөөр хэлбэл, цахим сүлжээгээр цацагдаад байгаа нийтлэлүүдэд бичигдээд байгаа шиг асуудал бол огт байхгүй бөгөөд харин ч барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлсэн нь ‘Барилгын тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө’ гэж ААНБ-уудаас худал хэлж, хүн мэхэлж, авлигал, хээл хахууль авдаг асуудлыг бүрэн зогсоож чадсан явдал юм.
Уг асуудлаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар зэрэг Ерөнхийлөгчдийн зөвлөл, Ажлын албаны зүгээс холбогдох арга хэмжээнүүдийг авч, хууль хяналтын байгууллагад албан ёсоор өгч шалгуулахаар боллоо.





