May 8, 2023
МБҮА ТББ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРСАЙХАН: МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРТ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ ТААТАЙ ҮЕ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлого, барилга бүтээн байгуулалтын салбарыг дэлхийн зах зээлд гаргах, хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой “ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ЭРИН” ОЛОН УЛСЫН ФОРУМЫГ МОНГОЛ УЛСАД АНХ УДАА 2023.06.14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээг Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг (IFAWPCA), МБҮА ТББ, БХБЯ хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээний талаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхантай уулзаж ярилцлаа.  

Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг буюу IFAWPCA гэж ямар байгууллага вэ? Энэ байгууллагын талаар товчхон дурдаач та?

IFAWPCA буюу Ази, баруун номхон далайн Гэрээлэгчдийн ассоциациудын Олон улсын нийгэмлэг нь дэлхийн 2-р дайны дараа барилга, бүтээн байгуулалтын салбарыг сэргээх зорилгоор Австрали, Хятад (Тайван), Индонез, Япон, Солонгос, Пакистан, Филиппин, Сингапур зэрэг 8 орны барилгын төлөөлөгчид санаачлан 1956 онд Филиппин Улсын Манила хотод үүсгэн байгуулагдсан. Өнөөдөр IFAWPCA нь Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азийн нийт 18 орны Барилгын ассоциациудын хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн Засгийн газар болон Барилгын гэрээт гүйцэтгэгчдийн хооронд ашигтай харилцааг хөгжүүлж, иргэний болон барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд нь дэмжин ажиллаж байна.

МБҮА ТББ нь Монгол Улсаа төлөөлж IFAWPCA-д элссэний үр дүн, ач холбогдол юу вэ?

МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдаж, өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгийн реалтор, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, архитектур, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудын бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ болон нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн  зарим чиг үүргийг гүйцэтгэдэг салбарын мэргэжлийн, манлайлагч, үндэсний бүтээн байгуулагчдын хамгийн том нэгдэл болсон төрийн бус байгууллага юм.  МБҮА ТББ нь 2015 онд IFAWPCA-д гишүүнээр элсэж, 2018 онд Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, үүнээс хойш IFAWPCA-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон нягт хамтран ажиллаж байна. Өнгөрсөн 2022.11.14-19-ний хооронд Мальдив Улсын Мале хотноо зохион байгуулагдсан “IFAWPCA-ийн 45 дахь удаагийн Чуулган”-ны үеэр зохиогдсон Сонгуулийн үеэр Ерөнхийлөгч Н.Баярсайхан миний бие IFAWPCA-ийн 2022-2024 оны УЗГ-ээр сонгогдон ажлаа эхлүүлээд байна. Монголын барилгын компаниудын чадвар сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Нөгөө талаас манай улс харьцангүй жижиг зах зээлтэй, хүн ам цөөтэй орон. Иймээс урт хугацаандаа Монголын компаниудаа Олон улсын зах зээл дээр гаргаж, тэдний дүрмийн дагуу тоглож сургахын тулд олон улсын зах зээлтэй холбож өгөх, тэдний сүлжээнд орох шаардлага тулгарна. Энэ ажлыг одооноос судалж, суурийг нь тавихад салбарын Олон улсын байгууллагуудын гишүүнчлэлд нэгдэж тэдэнтэй холбоо хэлхээ тогтоох замаар туршлага судлах, суралцах ажлууд чухал байгаа. IFAWPCA-д дэлхийн хамгийн том барилгын гүйцэтгэгч компаниудыг эгнээндээ нэгтгэсэн БНСУ, Япон, Австрали болон сүүлийн үед хурдтай хөгжиж буй Сингапур, Малайз улсуудын барилгын Гэрээлэгч нарын холбоод байдаг.

-Баяр хүргэе. IFAWPCA-ийн УЗГ-ээр сонгогдон ажиллана гэдэг нэр хүндийн асуудал байх. Та юун дээр төвлөрч ажиллахаар төлөвлөж байна вэ?

Баярлалаа. Өнгөрсөн чуулганы үеэр IFAWPCA нь МБҮА ТББ-ыг Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо (ФИДИК), үүний дараа БХБЯ нь албан ёсны дэмжлэгийг үзүүлсний дагуу бид ФИДИК-т “Гишүүн холбоо” (Member Association)-оор элсэх өргөдлөө хүргүүлээд байна. Ингэснээр Монгол Улсыг төлөөлөх Үндэсний гишүүн холбоо болох, улмаар “Дэд гишүүн” (Associate Member), “Харьяа гишүүн” (Affiliate Member)-ээр элсэх хүсэлтэй хувь хүн, компани, байгууллагыг дэмжих, мөн ФИДИК-ээс олгодог зөвшөөрлийг Монгол Улсдаа олгох зэрэг нөхцөл бүрдэх бөгөөд цаашид барилга, хот байгуулалтын салбарт ФИДИК-ийн ГЭРЭЭГ хэрэгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, сурган таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг бүхий л ажлыг зохион байгуулахаас гадна үүнтэй уялдсан бусад боломжуудыг нээж өгөхөд нь дэмжиж туслах сургагч, зөвлөгч нь байснаар салбарын үйл ажиллагаанд оролцогч, хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч нарын хоорондын харилцааг зохицуулах, эрх тэгш байдлыг хангах, хамгаалан ажиллах үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл ингэснээр Монгол Улсын барилгын салбарт Олон улсын гэрээ, эрх зүйн орчныг бий болгож, шинэ үсрэлт, шинэ эргэлтийг авчрах таатай үе тохиож байна.

-Түрүүн та ярианы эхэнд IFAWPCA нь Зүүн өмнөд Азийн 18 орныг нэгтгэсэн Гишүүн байгууллагуудтай гэж хэллээ. Монгол Улс бусад Гишүүн орнуудтайгаа ямар харилцаа холбоотой байдаг вэ?

МБҮА ТББ нь IFAWPCA-ийн Гишүүн орнуудтай байнгийн харилцаа холбоотой ажилладаг бөгөөд барилгын салбарт BIM цахим системийг нэвтрүүлж норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бойжуулах, нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Гишүүн орнуудын туршлага, хамтын ажиллагаа, нөлөөлөл түлхэц болдог. Тухайлбал БНСУ, Сингапуртай “Харилцан ойлголцох санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах хүрээнд хамтран ажиллаж байна. Үүнд:

  • 2018 онд: БНСУ-ын Барилгын ассоциаци. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Барилгын ассоциацийн барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан бол Солонгос дахь өндөр барилгуудын хотхон, газар доорх дэд бүтэц, ХАБ-ын үйл ажиллагаатай танилцах, Монгол Улс дахь барилга бүтээн байгуулалтын ажилтай танилцах, экспертүүдийг солилцох зэрэг асуудлаар саналаа солилцох улмаар туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
  • 2022 онд: Сингапур Улсын Барилгын Ассоциаци. Энэ ажлын хүрээнд Сингапурын барилгын салбарт нэвтрээд буй барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM”-ийн асуудлаар тус улсын экспертийг Монгол Улсад зохион байгуулагдсан “BIM 2023” Форумд оролцуулж, туршлага судлуулж, улмаар энэхүү системийг Монгол Улсад нэвтрүүлснээр БХБЯ-ны энэ чиглэлийн бодлогыг дэмжих, барилгын салбарыг бүрэн цахимжуулах, зураг төсөл зохиогчдыг олон улсын зах зээлд гаргах, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлтийг хийх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болох юм.
  • Түүнчлэн, IFAWPCA нь барилгын салбарын хүний нөөц, ажиллах хүчний асуудлаар гишүүн орнууд хоорондоо туршлага солилцож, эхний ээлжид хоорондоо ажиллах хүчин солилцох, гаргах асуудлаа ярилцсаны дараа Засгийн газруудыг хооронд нь ярилцуулж, танилцуулж зөв зохистой, хууль ёсны хүрээнд бэлтгэл ажлаа хангахаар тохироод байна. Энэ асуудлын хүрээнд, салбарын мэргэжилтнүүдийг МСҮТ-өөр дамжуулан барилгын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологийг эзэмшүүлэх, өндөр ур чадвартай, бэлтгэгдсэн ажилтнуудыг бий болгох, сургалтын арга барилыг энэ чиглэлд өөрчлөх, практик дээр суурилсан сургалтыг илүү түлхүү өгөх асуудал дээр хамтран ажиллаж байгаа нь салбарын хүний нөөцийг хөгжүүлэх асуудалд ач холбогдлоо өгч байна.

-IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах нь юугаараа ач холбогдолтой юм бэ?

IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны чуулганыг зохион байгуулах эрхийг олгох шалгаруулалтад МОНГОЛ УЛС шалгарч, 2023.06.14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. “ТОГТВОРТОЙ БАРИЛГЫН ЭРИН” ОЛОН УЛСЫН ФОРУМ-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байгаа ба  энэ форумд Австрали, Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Сингапур, БНСУ, Тайван, Тайланд, Хонг Конг, Филиппин, Энэтхэг, Япон, ХБНГУ зэрэг 14 орны 100 гаруй барилга, дэд бүтцийн бүтээн байгуулагчид, мэргэшсэн инженерүүд, экспертүүд биетээр нэг дор хуран цуглан чуулж, бүс нутгийн гэрээлэгч байгууллагууд болон Засгийн газар болон гэрээлэгчдийн харилцаа холбоог тогтоож өргөжүүлэх, олон улсын барилга, дэд бүтцийн техник, технологийн шийдлийг солилцох, гишүүн орнуудын хууль тогтоомжийг барилга байгууламжийн төсөлд хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлогтой юм. Мөн энэ чуулганыг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого ЦАХИМ МОНГОЛ (мэдээлэл технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, роботын технологийн ололтыг барилгын салбарт нэвтрүүлэх), ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛ БАГАТАЙ, БҮТЭЭМЖТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ НОГООН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ (байгальд ээлтэй, үр ашигтай дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөцийг хэмнэх, барилга, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх технологийг судлах)-ыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлэн, хөтөлбөр төлөвлөгөөгөө төлөвлөн ажиллаж байна.

-Энэ чуулган нь бүс нутгийн хувьд нэлээн өндөр хэмжээний арга хэмжээ болох юм байна. Монгол Улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэг хэр байна вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн Дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа дэвшүүлэн тавьсан зорилт, Дэлхийн 187 орны хамт санал нэгтэй баталсан Азийн бүс нутагт Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг нь энэхүү IFAWPCA-ийн 42 дахь удаагийн ДУНД ХУГАЦААНЫ ЧУУЛГАНЫГ Монгол Улсад зохион байгуулах “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЭРИН” ОЛОН УЛСЫН ФОРУМ-ын цар хүрээгээрээ нягт нийцэж байгаа. Тиймээс ч уг арга хэмжээг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байгаа. Мөн холбогдох салбарын яамдууд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахаар болсон.

-Форумын арга хэмжээний үеэр хөндөгдөх сэдвүүд нэлээн сонирхол татаж байна. Энэ илтгэл, туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэхээр зорьж байгаа юу?

Уг форум нь  Газар хөдлөлтийн эрсдэлийг хэрхэн шийдвэрлэх вэ?, Эрчим хүчийг хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дотоодын үндсэн илтгэгч нараас гадна Тайваниас Тайваний үндэсний их сургуулийн  Барилгын инженерийн тэнхим, Үндэсний Хэрэглээний Судалгааны Лабораторийн Газар хөдлөлтийн инженерийн судалгааны үндэсний төвийн доктор (Ph.D), профессор Ноён Чун Че Чоу-Тайвань Улсын газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийн туршлагын талаар ярих бол ХБНГУ-аас Нэмэх энергитэй, ногоон барилгад нарны эрчим хүчийг ашиглах нь сэдвээр Архитектур+ компанийн Гүйцэтгэх захирал, Үүсгэн байгуулагч, BBW-ийн Эксперт Уве Фикеншер, Төвлөрсөн бус эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийх талаар ХБНГУ-ын BBW-ийн Эксперт Герхард Майндл нар туршлагаа хуваалцана. Дашрамд дурдахад МБҮА ТББ нь Монгол Улсад төвлөрсөн эрчим хүчний системээс үл хамаарсан сэргээгдэх эрчим хүч түүний дотор нарны эрчим хүчийг ашигладаг барилга барих, барилгын дулаалгад байгалийн гаралтай хонины ноосны дулаалгын болон бусад барилгын материалыг ашиглах, ХБНГУ-ын hi-tech engineering технологийг Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц болон түүхий эдийн онцлогтой хослуулан барилга барих технологийг боловсруулах зэрэг судалгааны ажлыг эхлүүлэхээр болоод байгаа. Энэ туршлагаа бас уг форумын үеэр танилцуулах юм.

-Саяхан Турк Улсад газар хөдөлж тус Улсад болоод хүн ардад үлэмж хэмжээний гарз, хохирол учирлаа. Тиймээс энэ форумаар Монгол Улсад ийм гамшиг нүүрлэвэл хэрхэн ажиллах талаар хэлэлцэж шийдвэрлэх нь гэж ойлголоо?

Монгол Улс газар хөдлөлтийн маш өндөр эрсдэлтэй бүсэд байрлаж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Энэ форумыг хийх бэлтгэл ажлын үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын Дэд бүтэц, газар хөдлөлтийн тасгийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, ШУТИС-ын Барилга архитектурын сургуулийн ахлах багш, Доктор (PhD) Ц.Цоггэрэл нартай уулзаж ярилцахад Монгол Улсад 2023 он гарснаар 3,5 магниутаас дээш газар хөдлөлт 29 удаа болсон нь аюул хэзээ ч нөмөрч магадгүйг илтгэхээс гадна болсон тохиолдолд хэрхэн урьдчилан сэргийлэх, яаж амиа авч гарах тухай гээд маш сонирхолтой илтгэлүүд, туршлагуудаас хуваалцана. Мөн Зүүн өмнөд азийн улс орнуудын бодит кейс, газар хөдлөлтөд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын шинэ технологи, материалын талаар мэдээлэл, илтгэл тавигдаж бизнес уулзалтууд явагдаж, харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах нөхцөлөөр хангагдах юм.

Танд баярлалаа

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ