June 10, 2022
“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ТӨВ АЙМАГ” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААР ХИЙГДЭЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ Сэргэлтийн бодлого” төлөвлөлтийн дагуу нийслэл хотын төвлөрлийг сааруулж, дагуул хот байгуулах шийдвэрүүд гарснаар Шинэ Зуун мод хот, Аэро сити хот, Майдар хотын хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Уг бодлогын дагуу хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд, төлөвлөлтийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ТӨВ АЙМАГ” эдийн засгийн чуулган уулзалтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулж байна.

Уг чуулган уулзалтанд төр, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөллүүд оролцож байгаа бөгөөд Монгол Улсын УИХ-ын Гишүүн Ж.Батжаргал, ЗГ-ын Гишүүн, БХБ-ын Сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ИТХ-ын Дарга Ц.Жамбалсүрэн, Зуунмод хотын Засаг дарга Ч.Сарангэрэл, Хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Саран-Эрдэнэ нар ирсэн зочид төлөөлөгч, олон нийтэд тус аймагт одоо хийгдэж байгаа болоод хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа.

Хөдөө аж ахуйн салбарт, тэр дундаа Сэргэлэн суманд, томоохон төвлөрсөн бодлогуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд цардуулын, хуурай сүүний, тэжээлийн томоохон үйлдвэрүүдийг ашиглалтанд өгч байгаа ба ингэснээр нийслэл Улаанбаатар хотыг мах, сүүгээр бүрэн хангаж хөдөөгийн иргэд орон нутагтаа чанартай амьдрах нөхцлийг бүрдүүлж байгааг дурдаж байлаа.

Барилга, бүтээн байгуулалтын салбарын хувьд Манзуширын хийд болоод шинэ нисэх рүү тус бүрт нь холбосон хатуу хучилттай замын ажлыг эхлүүлсэн нь тус бүс нутгийг аялал жуучлалын бүс нутгаас гадна хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот болгох томоохон бодлогын эхлэл тавигдаж эхэлснийг цохон тэмдэглэлээ.

Мөн тус аймаг нь эдийн засгийн болоод шинжлэх ухаан инновацийн томоохон төв болох хүрээнд инженерийн дэд бүтэц болоод шугам сүлжээний төслүүдийн ажлуудыг эхлүүлж, уг бүтээн байгуулалтуудыг дагаад олон ажлын байр, амьдрах нөхцөл бий болж байгаа ба ойрын хугацаанд тус аймагт 1,000 айлын орон сууцны төсөл хэрэгжиж эхлээд байгаа юм байна.

Ийнхүү “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ТӨВ АЙМАГ” бодлого бодит биеллээ олж ойрын хугацаанд томоохон дагуул хот болон хөгжих эхлэл тавигдаад байгаагаа эдийн засгийн чуулга уулзалтаараа олон нийтэд нээлттэй танилцууллаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ