Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр Азийн Архитекторуудын Олон улсын арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Олон улсын архитекторууд оролцсон уг форум нь бүс нутагт хамаарах хот байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн өнцгөөс хэлэлцдэг үндсэн платформ билээ. Уг арга хэмжээний үеэр Олон улсын Архитекторуудын байгууллагын удирдлагууд нь АRCASIA-ийн гишүүн 22 орны төлөөлөл болон нэрт архитекторууд Монголын барилга, хот байгуулалтын салбарт хийж хэрэгжүүлэх том төсөл хөтөлбөрүүд, Хөшигтийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх юм. Энэ үеэр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн архитекторуудын илтгэлийг сонсох, нэрт архитекторуудын туршлагаас хуваалцах, тэдэнтэй хамтран ажиллах, шинэ болон хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөртөө зөвлөгөө дэмжлэг авах боломж бүрдэх юм. Мөн Азид зарласан Архитекторын “Шилдэг бүтээлийн 2022” оны уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд болон Монголын барилгын салбарын ололт бүтээлийг харуулсан үзэсгэлэнг Мишээл экспод зохион байгуулж нийтэд дэлгэн үзүүлнэ.
Энэхүү “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” арга хэмжээг МБҮА ТББ болон түүний гишүүн байгууллагууд нь ивээн тэтгэн оролцож байгаа бөгөөд ивээн тэтгэж буй компаниудыг урамшуулах, сурталчлах, нэрт архитектуруудтай уулзаж зөвлөгөө авах зэрэг боломж бололцоогоор хангаж байгаа юм.





