December 6, 2022
“ЗУНШИН” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ОНОН: УСАН ДЭЭР БАРИЛГА БАРЬДАГ ЦАГ ҮЕ ИРСЭН БАЙНА

буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад Төв цэвэрлэх байгууламж, 1008 айлын орон сууц, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж буй Зуншин компанийн захирал Б.Онон гэх энэхүү залуухан захиралтай та бүхнийг энэ удаа танилцуулж байна.  

–       Энэ том бүтээн байгуулалтын Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашдаг хүн ийм залуухан бүсгүй байна гэж санасангүй. Та энэ байгууллагатайгаа ямар хувь заяагаар холбогдов. Ямар мэргэжилтэй хүн бэ?

Баярлалаа. Миний хувьд 2013 оны 11 дүгээр сард компанидаа орчуулагчаар ажилд орж байсан. Тухайн үед БНХАУ-ын Жилин хотод Олон улсын харилцаа, хүний нөөц, менежментийн удирдлагаар Магистрын зэргийг хамгаалж, сурч байх хугацаандаа Хятад хэлний мэдлэгээ сайжруулъя гэж анх компанидаа ажилд орж байлаа. Түүнээс хойш сургуулиа төгсөж ирээд одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Гүйцэтгэх захирлын албан тушаалыг аваад 3 жил гаруй болж байна даа.

–       Сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил тань энэ компанитай холбогдоход нөлөөлсөн юм байна. 2013 оноос хойш танай компанийн хийсэн бүтээн байгуулалттай танилцаж болох уу?

Намайг анх ажилд орж байхад манай компани нь 12 төсөл дээр ажиллаж байлаа. Тус төслүүдийг нэгэн зэрэг удирдаж явуулдаг байсан болохоор тэр болгонд орчуулга хийнэ, Захиралтайгаа хамт явна. Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор их хэцүү юм шиг санагдаж байсан. Их ч шантарч байлаа. Ирэх жил нь дахиад сургуульдаа явах юм чинь тэр болтол нь гүрийж ажиллаж байгаад тэгээд больё гэж боддог байлаа. Үнэндээ хар үүрээр гараад л, харанхуй шөнө л гэрийн бараа харна, гэртээ зөвхөн унтах гэж л ордог байлаа. Хоолтой, хоолгүй л ажилладаг байлаа шүү дээ, тэр үед. Харин Хятадад эргэж очоод сурах үедээ компаниа, хийж байсан ажлаа зөндөө их бодож их зүйлийг сурч авсан байна даа гэж бодож байсан. Улаанбаатарт хаа ч, ямар ч гудмаар явсан манай компанийн барьсан барилгууд байдаг. Тэнд хүмүүс амьдарч, ажиллаж байгааг хараад үнэхээр гоё санагддаг байсан. Тэгээд амралтаараа буцаад ирэхэд “Өө чи буцаад ирсэн үү, ачаалал маш сайн даадаг хүүхэд, амралтаараа ч ажилла. Сурах завсраа ажиллаад яв” гээд боломж гаргаж өгсөн. Тухайн үед Монголд бас хуулийн чиглэлээр давхар сурч байсан учир хичээлдээ явна, ажиллана гээд маш их ачаалалтай, бараг 24 цагийн 6 цагт нь л унтаж, бусад үед нь сурч ажиллаж байлаа. Манай компани нь 2001 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа нээж байснаас хойш эдүгээ 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ он жилүүдийн бараг тэн хагаст нь ажилласнаараа өөрөөрөө бахархдаг гэх үү дээ.

–       Маш залуухан эмэгтэй харагдахын. Барилгын салбар ч эр хүн халширмаар салбар. Тиймээс энэ их ажил, бүтээн байгуулалтын хажуугаар хувь амьдралаа хэрхэн зохицуулсан бэ?

Миний хувьд үнэхээр сайн ханьтай. Ханьтайгаа хамт БНХАУ-д цуг сурч байсан. Ар гэртээ санаа зоволтгүйгээр ажлаа хийх боломжийг надад бүрдүүлж өгдөг ханьдаа энэ завшаанд миний энэ зэрэгтэй явж байгаа нь тэр чигээрээ чиний минь хичээл, зүтгэл шүү гэдгийг хэлье (инээв). Дээрээс нь үнэхээр сайн хамт олонтой. Ар гэрийн ямар нэгэн асуудал гарлаа гэхэд ямар ч асуудал гаргалгүйгээр ажлаа хийцгээж, тулж өгдөгт үнэхээр их баярладаг. Тиймээс л энэ ажил өдий чинээ өнгөтэй өөдтэй, ямар ч саад бэрхшээлгүйгээр урагшилж байна даа. Ерөөсөө ажил өөдрөг, урагшаа байдаг гол шалтгаан нь бол сайн хамт олон, баг бүрэлдэхүүн л юм билээ.

–       Түрүүн хэлсэн барилгын бизнес бол хэрийн хүн хийгээд чадаад байдаг ажил биш гэж. Шантарч бэрхшээж байсан үе байгаа юу?

Миний хувьд үнэхээр шантраад больё гэх үе зөндөө байсан. Маш олон бэрхшээл, хүнд зүйлийн ард гарч байж буюу Орчуулагчаас Ерөнхий менежер, Гүйцэтгэх захирал гээд албан тушаалууд дээр ирсэн. Зарим үед уйлаад суудаг үе байлаа. Бүүр уйлах ч багадахаар асуудлууд зөндөө гарч байлаа. Барилгын компанийн хувьд компанийн дотоод уур амьсгал маш чухал. Ажилчдын ажилдаа хариуцлагатай хандах байдал нь бүүр чухал. Халуун дулаан уур амьсгал, ажилчдаа боддог удирдлага байхад л мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүс өөр өөрсдийгөө аваад л явчихна. Инженер, техникч, өрлөгчин, шаварчин хэн ч байсан хариуцсан ажлаа хугацаанд нь чанартай хийгээд тайлангаа өгөхөд л болоо. Өөр юу ч хэрэггүй. Ийм баг хамт олныг бүрдүүлсэн, бүрдүүлж яваа манай хүний нөөц үнэхээр чухал. Одоо манай Инженер техникийн алба гэхэд л 27 хүнтэй, дээрээс нь Хятад хэлтэй инженерүүд, мэргэшсэн инженерүүд, инженер суурьтай ХАБ гээд л нарийн мэргэшсэн инженерүүдийг тасралтгүй уяж компанидаа ажиллуулна гээд хүний нөөц маш их үүрэг гүйцэтгэдэг.   

–       Гаднын хөрөнгө оруулалттай компанид ажиллахад технологи, ноу-хауг суурьшуулах, нутагшуулахаас өгсүүлээд хэлийг нь мэдэхгүй бол алхам тутам бэрхшээл үүсэх нь мэдээж. Хамтран ажиллах, техник технологийг оруулж ирэх, нэвтрүүлэх, арга зүйг зааж зааварлах, ноу-хау гээд бүгдийг нь орчуулж, цаасан дээр буулгаж, хүн уншаад ойлгох хэмжээнд болгоно гээд дэвсгэр суурь ажил дээр маш сайн суусных таныг өдий хэмжээнд хүргэсэн болов уу?

Таны асууж байгаа яахын аргагүй үнэн. Өөрийгөө магтсан болох болов уу. Ер нь Орчуулагчийн хувьд хаа ч гологдож байсангүй. Манай компани нь маш олон туслан гүйцэтгэгч, маш олон ажилчид, инженер техникийнхэн, оффисынхон гээд бүх хүнд тухайн асуудлыг ойлгуулахын тулд тэднийг хооронд нь уяж ойлгож орчуулна гэдэг маш хүнд. Тэгэхийн тулд нэлээн хугацаа шаардагдсан. Тухайлбал, орчуулга хийхийн тулд бүх л зүйлийг мэдэх шаардлагатай. Эмульс, замаск, шавар шохойныхоо ялгааг мэдэхгүй хүн орчуулга хийнэ гэдэг ч, ээ дээ. Тиймээс л бүх юмаа мэдэж ярьж чадахгүй юм бол угаасаа гологдох юм байна гэж ойлгоод барилгын талаар ширхэг хадааснаас эхлээд бүх зүйлийг судалж мэдэж эхэлсэн. Одоо ч суралцсаар л явна, ер нь бүрэн төгс байна гэдэг маш хэцүү. Ажилд орж байснаа бодвол одоо барилгын салбараа 60-70 хувьтай ойлгодог болоод байгаа. Мэдээж ингэж ярихаар гоочлох нэгэн бишгүй гарах байх. Гэхдээ л энэ салбарт бүрэн төгс мэдэж сурна гэдэг маш их цаг хугацааны асуудал байдаг гэдгийг манай салбарынхан мэдэх байлгүй дээ.

–       Танд барилгын талбай дээгүүрээ очих тохиолдол байнга гардаг байх. Хэдийд нь ийм гоё сайхан сууж байдаг байна аа?

Барилгын компанийн захирлын хувьд талбай дээгүүр өнжих нь хэвийн л зүйл шүү дээ. Манайх ажлаа маш сайн мэддэг инженерүүдтэй, төслийг аваад явж байгаа удирдах түвшний ажилтнууд нь ажлаа сайн мэддэг хүмүүс байгаа. Тиймээс талбай дээр ямар нэгэн онцын зүйл гараагүй л бол өдөр бүр яваад байх шаардлага байхгүй. Манай компани нь Хүний нөөц, Инженер техникийн албаныхан, Ажилчдынх, тэр ч бүү хэл Тогооч нарын гээд бүх ажилчдын групптэй. Тэр группэдээ 7 хоногийн Ажлын төлөвлөгөө болоод тайлангуудаа, өдөрт болж буй онцлох зүйлүүдээ чатаараа мэдээлээд дүрсээ хараад яриад үүрэг даалгавраа өгдөг учир асуудал харьцангуй гайгүй. Удирдлагууд нь байнга талбай дээр очоод байхаар Захирал ирчихлээ, одоо яах бол гээд сэтгэл түгшүүртэй байх мэдрэмжийг өгөхгүйг хичээдэг. Харин Захиалагч болоод улсын байгууллагуудаас хяналт шалгалт ирэх, танилцах үед бол очно оо очно. Ер нь ямар ч үед талбай дээр очих шаардлага байдаг учир машиндаа өсгийгүй гутал, ажлын хувцас гээд бүх юмаа авч явдаг. Төслийн удирдагч нартаа бүрэн итгэж үүрэг хүлээлгэдэг. Нэг төсөл дээр гэхэд Ерөнхий инженер, Даамал, ХАБЭА, Бригадын дарга гээд удирдаж, ажлаа явуулах 4-5 хүн талбай дээр ажилладаг. Тэд өглөө хүний нөөц рүүгээ мэдээллээ өгөөд орой ажлаа тарахад талбайн мэдээллийг өгнө. Онц шаардлагатай үед над руу ярьж асуудлаа шийддэг.

–       Барилга өөрөө хүний амь нас, гал ус гээд болзошгүй эрсдэл маш өндөр салбар. Гүйцэтгэх захирлын хувьд байнга аваарын гэрэл асаалттай буюу хагас цэрэгжилтийн байдалтай ажиллана биз?

Барилга бол цагдаа цэргийн дараа ордог хагас цэрэгжсэн байгууллага. Утас маань 24 цагийн турш сүлжээтэй, утас таслах эрхгүй. Залуу хүний хувьд хааяа баярлах гээд асуудал байдаг даа. Миний хувьд тийм зүйл бол байхгүй. Ямар нэгэн баяр ёслол, найр наадам, үхэл хагацал гээд юу ч болж байсан ямар ч тохиолдолд утсаа авдаг. Утсаа чагнаад л утсаа маажаад л ерөөсөө амардаггүй хүн. Өмнө нь би амардаггүй л гэж боддог байлаа. Харин хоёр дахь хүүхдээ гаргаснаас хойш би амардаг байсан юм байна гэж боддог болоод байгаа. Манай ажлынхан намайг маш сайн амраадаг байсан юм билээ. Нялх хүүхэдтэй байхад угаасаа бараг амрахгүй. Монгол Улс даяар эдийн засгийн хямрал үүсээд зөвхөн өөрийгөө бодох ямар ч нөхцөл байдалгүй болсон. Миний ард 100 гаруй ажилчид байна. Тэдний ард гэр бүл нь байгаа. Үнэхээр хүнд нөхцөл байдал барилгын салбарт үүссэн учир би хүүхдээ гуравхан сартай байхад буцаад ажилдаа орсон. Өдөр нь ажиллаад орой нь хүүхдээ хараад шөнө нь санаснаараа унтаж чадахгүй хэцүү байсан. Нэг үеэ бодвол одоо сайхан зүгшрээд бүх юмны ард гараад ирлээ.

–       Танай компани нь Монголчуудын хүсэн хүлээж байгаа Ногоон нуурын 1008 айлын орон сууцны төсөл дээр ажиллаж байна. Ажил ямар явцтай байгаа вэ?

Одоо чинь усан дээр барилга барьдаг эрин зуунд бид амьдарч байна шүү дээ. Ерөнхийдөө нэлээн сайн судалгаа явуулсан. Мэдээж байгалийн хүчин зүйлсийг тааж мэдэхгүй байгаа учир ам гарч болохгүй байх. Гэхдээ энэ хороолол дээр технологийн нэлээн өөрчлөлтийг хийсэн. Магадгүй 5 жилийн дараа тухайн үед ам гардаг байж дээ гэж харамсах байх (инээв). Тиймээс нэлээн өртөг өндөр хийгдэж байгаа. Анх суурь эхлэхэд л ус нь гарч ирээд л… сууринаас дээш гарч ирээд гайгүй болж байна. Тухайн үед хил гааль хаалттай, гадуур насос хайгаад л, усыг нь соруулахаар улам л түвшин дээшлээд. Манай инженер техникийн ажилчид нь суурь дээр бүтэн 1 сар хонож, усаа манаж ажилласан, тэгж байж дээшээ гарсан.

–       Танай компани нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл дээр ажиллаж байгаа. Монголчууд ийм төсөл дээр ажилласан туршлага бол байхгүй. Хэрхэн давж гарч байна вэ?

Короногоос хойш манайд хятад мэргэжлийн ажилтнууд бараг ирэхээ байсан. Өмнө нь гадаадаас мэргэжилтнүүд урьж авчраад ажлын байрны төлбөрт нь сардаа 680,000 төгрөг төлөөд дээрээс нь цалинг нь өгөөд маш хурдацтайгаар ажил явуулдаг байлаа. Цэвэрлэх байгууламжийн төсөл дээр бид 2019 оноос хойш ажиллаж байна. Одоогийн байдлаар тоног төхөөрөмжүүд нь орж ирээгүй байгаа учраас угсралтын ажлууд хийгдэж байгаа. Хятад мэргэжлийн инженер техникийн ажилчид нь заавар зөвлөмжөө өгөөд ажиллаад явж байгаа. Дээрээс нь БХБЯ хяналтаа тавьж ажиллаж байгаа. Бид энэ төслийг 2023 онд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Цэвэрлэх байгууламжийн хувьд нэг сар, нэг цаг ч хойшлуулалгүй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар яг 49 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

–       Цэвэрлэх байгууламжийг Монголчууд өөрсдөө хийсэн туршлага байхгүй. Энэ бүтээн байгуулалтын үйлдвэрлэлийн технологийг ба бэ-гүй сурсан инженер, баг хамт олныг алдахгүй барих, компанидаа шингээх бодлогын хувьд юу хийдэг вэ?

Инженер техникийн албан хаагчдыг манай хүний нөөцийн баг хамт олон удирдаж ажилладаг. Тогтвор суурьшилтай 3-аас, 5-аас дээш жил ажиллуулна гэдэг байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой зүйл. Яагаад манай инженерүүд 8-аас дээш, 10-аас дээш ажиллаж байна вэ гэдэг бодох асуудал биз. Би гэхэд л 10 жил, Хүний нөөц маань 20 жил, Нягтлан 11 дахь жилдээ ажиллаж байна. Дээрээс нь байгууллагын уур амьсгал, Хүний нөөцийн албанаас барьж байгаа бодлого, тогтмол цалин, урамшуулал гээд олон зүйл бий. Барилга буюу нэг албан байгууллагад ажиллана гэдэг залуу нас, цаг зав гээд бүх зүйлээ зориулдаг учраас зөвхөн уур амьсгалаас гадна бусад хөшүүргүүд ч бас нөлөөлнө шүү дээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд манайд ажиллаж байсан хүмүүс бүгд байр савтай болсон. Одоо бол арай өөр системийг нэвтрүүлж байгаа.

–       Дээр хэлсний дагуу танай компани нь Улаанбаатар хотод байгаа барилгуудын бараг ихэнхийг барьсан юм байна. Өнгөрсөн хугацаанд харамсах ч юм уу гарсан бэрхшээл юу байгаа вэ?

2016 онд байх аа, манайх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажлыг хийж хүлээлгэж өгсөн. Миний хувийн бодлоор эцэг, эх нь сэтгэл гутралтай, хүүхдээ эдгээх, хөгжүүлэх гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л тэр байгууллагад хандаж байгаа байх. Тэгэхэд яагаад тийм газарт тэр төвийг барьж байгаа юм бол доо л гэж бодсон. Сонсголонгийн гүүрний зүүн талд хаа байсан хээр талд, автобусны буудлаас зайтай, маш муу замаар явж хүрдэг газар. Хувь хүнийхээ зүгээс үнэхээр сэтгэл өвдөж байсан. Тэр хүмүүсийн ихэнх нь тэргэнцэртэй хүүхдээ суулгаад хаа байсан тийшээ очих уу. Төв замаасаа үүд рүүгээ орох хэсгээ харин нэлээн хойно шийдсэн байна лээ. Энэ барилгыг барьсан компанийн хувьд маш хуу хандлага, сэтгэгдлийг эх, эцгүүдээс авсан. Муу хужаа нар ийм л юм барьдаг ш дээ гэж дайраад л… Тоног төхөөрөмжүүдийг нь бэлтгээд, манай ажилчид суурилуулсан. Тэрийг хүлээж аваад ажиллуулах хүмүүс тухайн үед байгаагүй. Одоо хүртэл сэтгэлээс гардаггүй эмзэглэл надад байдаг.

–       Намаг дээр барилга барьж байна, төв цэвэрлэх байгууламж гээд хэр баргийн компанийн хийж чадахгүй гүйцэтгэл дээр танай компани нь орж ажиллалаа. Одоо бол ямар ч нөхцөлд танай баг хамт олон ороод ажиллахад айлтгүй байх нь ээ?

Энэ жил манайх 3 шинэ төгсөгч ажилд авсан. Бид заавал туршлагатай хүн авна гэдэггүй. Манай дээр ирээд ажилла, туршлага суу, ажилчид инженерүүдийг дага гэдэг. Туршлага гэхээсээ илүү хувь хүнийг төлөвшлийг л хардаг. Хужаа компанид гэхээсээ илүүтэй нүд нь нээгдчихсэн, юмны наад цаадхыг ойлгодог, мэрийлттэй хүмүүсийг л чухалчилдаг. Энэ хүүхдүүд маань энэ жилээс дагалдан инженерүүдээр явж байгаад ирэх жилээс шинэ төслүүд удирдаад явах хэмжээнд хүртэл сургаж байгаа.

–       Төрийн захиалга болоод өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төслүүдийн ялгаа зааг юу байдаг вэ?

Ерөөсөө л мөнгө. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд манайх 3 дахь төсөл дээрээ ажиллаж байна. Улаанбаатар хотод баригдсан барилгуудын 20-30 хувийг манай компани нь барьсан. Тухайлбал, хамгийн сүүлийнхээс нь Зайсан скуэр, Трю эло, Энканто таун, Grown center, Махмалл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төв, Налайхын Гандан, за тэгээд энэ том хотхон хорооллуудын бараг 50 хувийг манайх дангаараа барьж байгууллаа. Төрийн захиалга бол санхүүжилтийг маш сайн хурдан шийдэж өгдөг бөгөөд гаднаас ирж буй элдэв ханшийн зөрүү энэ тэрд автахгүйгээр ажил маш сайн явж байсан. Энэ жил хил гаальтай холбоотой ачаа тээвэр удааширч байна. Тээврийн зардал гэхэд тооцоолж байснаас илүү давж байна. Гэхдээ яах вэ болох л байх.

–       Барилгын компанид олон жил, тэр тусмаа Гүйцэтгэх удирдлага хүртлээ дэвшин ажиллаж байгаа хүний хувьд энд л ийм юм хийчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөл юу байдаг вэ?

Би барилгын бүтээн байгуулалт гэхээсээ илүү замд их ач холбогдол өгдөг. Хятадад бол замыг шагайнаас дээш төвшинд хүртэл хийдэг. Энэ тэрүүгээр явж байхад манай замын асуудал бол үнэхээр хэцүү юм гэдгийг харж байгаа. Яагаад манайх талхан дээр масло тавьж байгаа юм шиг замыг тавьдаг юм бол доо гэж боддог. Хятадуудыг муу л гэдэг. Гэтэл тэнд боломжгүй гэсэн бүх зүйлийг боломжтой болгоод хийж чадаж байна. Ядаж сайныг нь дуурайгаад аваад хиймээр байна шүү дээ. Манай компани гандан, эмнэлэг, театр, орон сууц, оффис, өнөө гоё том худалдааны барилгуудыг бүгдийг нь барьсан, барьж ч байгаа. Тэрийг нь тэгээд хийчих байж дээ гэсэн барилга ерөөсөө байхгүй. Тиймээс ирээдүйд магадгүй зам руу орж болох байх. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг үнэхээр их дэмжиж байсан. Нэг айл ч гэсэн яндангүй байвал гээд судалгаа хийгээд үзэхэд үнэхээр хүнд юм билээ. Эхлээд жижигхээн газар суллаад ажилчдын орон сууц барья гэж бодож байсан ч энэ хүмүүс чинь бодит амьдралд баймгүй саналыг хэлдэг юм билээ. Төрийн зүгээс яаж энэ төслийг хэрэгжүүлж байгааг би бас гайхаад л байгаа.Тиймээс ирээдүйд чадвал ийм төслүүд рүү анхаарлаа хандуулна гэж бодож байгаа.

Танд баярлалаа.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ