МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан Шийдэл” төслийн хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Барилгын хог хаягдлын менежмент” сэдэвт цахим сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад төсөлд хамрагдаж, дулаалгын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй эрчим хүчний зөвлөх, бригадын ахлагч оролцсон юм.
.png)
Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 28 хувийг барилгын хог хаягдал эзэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл барилгын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах зарчим баримтлан, барилга, байшинг бүрэн болон хэсэгчлэн буулгах, дулаалахдаа:
– Эхлээд сайтар бодож, төлөвлөх
– Эмх цэгцтэй буулгах
– Гарч буй хог хаягдлыг ангилан, ялгах
– Боломжит хог хаягдлыг дахин ашиглах
– Үлдсэн хог хаягдлыг барилгын түүхий эд авах цэгт тушаах, зориулалтын хогийн цэгт хаях зэрэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчинд ээлтэй төдийгүй зардал хэмнэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдгийг тус сургалтыг удирдан явуулсан, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Барилгын дэвшилтэт материал, бүтээц эдлэлийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Д.Сүнжидмаа хэллээ.
Тэрбээр, мөн барилгын хог хаягдлын менежментийн чиглэлээр Монгол Улсад мөрдөж буй журам, дүрмүүдийн талаар танилцуулсан. Сургалтад оролцогчид барилгын хог хаягдлыг бага байлгах, байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй арга хэмжээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг зорьж байгаагаа илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

“Дулаан шийдэл” төслийн тухай
Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУ-ын ТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
МБҮА ТББ нь барилгын салбарт тогтвортой, чин хүсэлтэй, мэргэшиж ажиллах дараагийн ээлжийн бригад, хувь хүмүүсийг сонгон шалгаруулж байна. Та манай төсөлтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах холбоосоор хандаж, бүртгэлийн хуудсыг бөглөнө үү. https://form.jotform.com/210038684156051





