April 10, 2020
COVID-19 ЦАР ТАХАЛ БА ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН БАРИЛГЫН САЛБАР

БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн гэх COVID-19 халдварт өвчин цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн 209 улс оронд нийт 1.6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 95 мянган хүн нас бараад байна. Тархалтын тоогоор АНУ тэргүүлж, Их Британи, Иран болон Европын Холбооны хэд хэдэн улсуудад тархалтын хэмжээ эрчимтэй өссөөр, өнгөрөгч сарын дундаас эхлэн ихэнх улсууд онцгой байдал зарлан, хөл хорио тогтоогоод байгаа юм. Дэлхий даяар 35 гаруй компани, судалгаа шинжилгээний байгууллагууд коронавирусын эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс цөөн хэд нь амьтан дээр туршилтаа эхлүүлсэн байгаа. Вакцин гаргаж авахад 18-аас доошгүй сарын хугацаа орно хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж буй. Халдварт өвчний тархалтыг бууруулахын тулд улс орнууд хөл хорио тогтоох, хил хаах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа нь эдийн засагт болон бизнесүүдэд хүндээр тусч байгаа боловч өндөр хөгжилтэй улсууд барилгын салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, дэд бүтцийн төслүүдийг дэмжих нь цар тахал намжсаны дараа эдийн засгийг сэргээхэд ач холбогдолтой гэсэн бодлогыг баримталж байна. Ингээд та бүхэнд COVID-19 ба дэлхийн улс орнуудын барилгын салбартай холбоотой мэдээллийг хүргэж байгааг хүлээн авна уу.

ИТАЛИ

COVID-19 вирусын тархалтын тоогоор дэлхийд 3-т орж байгаа Итали улс 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн улс даяар хөл хорио тогтоосон ч Ерөнхийлөгчийн захирамжаар аюулгүй байдлын журмыг баримталсан тохиолдолд зайлшгүй шаардлагатай барилгын ажил явагдаж байна. Ажилчдын эрүүл мэндийг хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд өглөө ажил эхлэхэд болон цайны цагаар халуун хэмжих, амны хаалт зүүх, гар ариутгагч тараах, ажилчид хоорондоо зай барих, ажлын талбай, дотуур байр, нийтийн орчны цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийх болон ажилдаа ирж очихдоо нэг тээврийн хэрэгсэлд бөөгнөрөхгүй байх гэх мэт шаардлагуудыг журамд оруулсан байна. 

Дээрх журмыг нэвтрүүлсэн Италийн хамгийн том барилгын аж үйлдвэрийн нэгдэл Salini Impregilo групп нь Милан хотын M4 шинэ метроны шугамын барилгын ажлыг дахин эхлүүлсэн бөгөөд одоогоор нийт 200 гаруй ажилчид уг төсөл дээр ажиллаж байна. 

Эх сурвалж: https://www.khl.com/international-construction/work-resumes-on-milans-new-metro/143355.article

СИНГАПУР

Сингапур улс нь COVID-19 тахлын эхний тархалтыг амжилттай хяналтад авсан улсуудын тоонд зүй ёсоор багтаж байсан бол гадаад орнуудаас нутаг буцаж буй Сингапурын иргэдийн хөдөлгөөний нөлөөгөөр сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархалтын цэг болоод байгаа билээ. Энэ Лхагва гаригт 142 шинэ тохиолдол илэрснээс 40 нь гадаад ажилчдын дотуур байрнаас илэрсэн байна. Үүнтэй холбоотой халдвар илэрсэн 2 дотуур байрыг 14 хоногийн хугацаатай тусгаарлаад байгаагаас 13000 ажилчин амьдардаг дотуур байрнаас 63 тохиолдол, 6800 ажилчин амьдардаг байрнаас 28 тохиолдол илэрчээ.

2019 оны 6 дугаар сарын байдлаар Сингапурын нийт 5.7 сая хүн амын 1.4 саяыг гадаад улсуудаас ирдэг ажиллах хүч бүрдүүлдэг гэсэн тооцоо бий. Үүнээс 1/5 нь барилгын салбарт ажилладаг бөгөөд Энэтхэг, Бангладеш, Шри Ланк, Тайланд зэрэг нийт 12 улсын иргэдэд тус салбарт ажиллах зөвшөөрөл олгодог. Гадаадаас ирсэн ажиллах хүчнийг хот даяар 40 гаруй дотуур байранд хуваарилдаг бөгөөд байр болгон харилцан адилгүй ч дунджаар нэг өрөөнд 12 хүн хамт амьдардаг байна. 

Тусгаарлагдсан ажилчдын цалинг хэвээр олгож, өдөрт 3 хоол болон гар ариутгагч, амны хаалт, халуун хэмжигчээр хангахаар зохицуулалт хийсэн боловч ажилчид чихэлдсэн, бохир нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

COVID-19-ийн 2 дахь давлагаа эрчимжихээс сэргийлэхийн тулд Сингапур улс 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай хөл хорио тогтоосон ба ихэнх үйлчилгээний газрууд, сургуулиудыг хаагаад зогсохгүй хүнс цуглуулах, банкаар үйлчлүүлэх, илгээмж илгээх, эмнэлэгт үзүүлэх зэргээс бусад онцгой шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахыг хориглосон байна. Дасгал хийх, агаар амьсгалахаар гарахыг зөвшөөрөх ч ингэхдээ ганцаараа эсвэл нэг гэрт хамт амьдардаг хүнтэйгээ хамт явахыг зөвшөөрөх гэнэ.

Хөл хорионы нөлөөгөөр зайлшгүй шаардлагагүй барилгын ажлыг ч зогсоогоод байгаа бөгөөд Сингапурын засгийн газраас барилгын салбарын компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг дурдвал:

• 2020 оны 4 дүгээр сард гадаадын иргэн ажиллуулсны төлбөрөөс чөлөөлөх

• 2020 онд төлсөн гадаадын иргэн ажиллуулсны төлбөрийг буцаан олгох /гадаадын иргэн ажиллуулах зөвшөөрөл бүрд $750/

• Ажлын байрыг хамгаалахын тулд 4-р сарын цалингийн 75%-ийг улсаас олгох (wage offset)

• Дараагийн 8 сарын турш цалингийн 25%-ийг улсаас олгох (wage offset) гэх мэт байна.

Эх сурвалж: Сингапурын Барилгын Ассоциаци https://www.scal.com.sg/info-details/BCA-infographic-on-support-measures/

BBC https://www.bbc.com/news/world-asia-52178510

ИХ БРИТАНИ

3 дугаар сарын 24-нд Английн Барилгын Манлайллын Зөвлөл болон Build UK байгууллагуудаас барилгын салбарын хувьд цар тахлын үед баримтлах аюулгүй ажиллагааны журмыг боловсруулжээ.

Энэхүү журамд орсон гол зүйлсээс дурдвал:

• Барилгын талбайн ажилтнууд талбай дээр ажиллах, үдийн цайнд орох зэрэг бүхий л үед өөр хоорондоо 2 метрийн зай барьж ажиллах,

• Нэгдсэн цайны газрыг хааж, ажилчдыг тус тусдаа хооллохыг уриалах 

• Талбай дээр ажиллах цагийг зөрүүлж орох хаалган дээр хүмүүс цугларахаас сэргийлэх

• Талбайн ажилчдыг нийтийн тээврээр зорчихоос зайлсхийж, ажилдаа дугуй, эсвэл хувийн унаагаар ирж очихийг уриалах

• Хуруу уншуулах болон хүрэлцэх шаардлагатай аюулгүй байдлын системүүдийг түр хугацаанд зогсоох 

• Нэгдсэн зааварчилга өгөхдөө аль болох цөөн хүмүүс оролцуулах, боломжтой бол гадна талбайд зохион байгуулах 

• Барилгын хамгаалалтын хувцас, хэрэглэлийг хоорондоо дамжуулж хэрэглэхгүй байх, хэрэглэсний дараа сайтар цэвэрлэх. Нэг удаагийн хэрэгслийг хэрэглэж дууссаны дараа хаях.

• Лифтний оронд шат ашиглах

• Барилгын талбайд хангалттай гар ариутгагч байрлуулж, ариутгал цэвэрлэгээг сайжруулах

• Угаалгын өрөө, суултуур, гоожуур, шат, хаалганы бариул, лифт, хооллох хэсэг, машин механизмын жолоодох хэсэг болон утас, принтер г.м оффисын тоног төхөөрөмжүүд зэрэг нийтийн хэсэгт тогтмол цэвэрлэгээ хийх

“Аливаа барилгын үйл ажиллагаанд ХАБЭА-н шаардлагууд мөрдөгдсөн хэвээр байх ба орон зайн тусгаарлалт, мөн мэргэжлийн ажилтан байхгүйн улмаас зарим үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй үед тухай үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: https://www.theconstructionindex.co.uk/news/view/official-guide-to-social-distancing-on-construction-sites

 

АВСТРАЛИ

Австралийн өргөх байгууламж, тоног төхөөрөмжийн томоохон нийлүүлэгч “Access Hire” компанийн удирдлага Tim Nuttall COVID-19 тахлын нөлөөгөөр Австралийн барилгын салбарт ямар өөрчлөлт гарч байгааг хуваалцсан байна. Түүний ярианы хэсгээс хүлээн авна уу. 

“Нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байгаа”

“4 хоногийн өмнө барилгын талбай дээр анхны эерэг тохиолдол илэрсэн. Үүний дараа 14 хоног үйл ажиллагаа зогсох байх гэж бодсон. Гэвч тийм зүйл болоогүй. Талбайг 1 өдрийн турш хааж, шууд хавьталд орсон 20 хүнийг тусгаарлан, бүх зүйлд ариутгал хийж, маргааш нь бүгд ажилдаа явцгаасан. Энэ нь бидэнд ажил үргэлжилнэ гэсэн урам зориг өгсөн.”

“Томоохон барилгын компаниуд болон барилгын холбоод барилгын салбарыг зогсоохгүйн тулд нягт хамтран ажиллаж байгаа.”

“Барилгын талбай дээр хооллох зайг томруулах үүднээс нэмэлт зөөврийн байгууламжуудыг авчирч байгаа бөгөөд хоол цайны завсарлагыг зөрүүлж байна.”

“Түрээсийн бизнес эрхэлдгийн хувьд бид “Zero Contact” бодлогыг баримталж байна. Энэ нь ачаа хүлээлгэн өгөх үед гарын үсэг зурахдаа үзгээ солихгүй байхаас эхлээд бүх удирдлага, товчлуур, бариул зэргийг ариутгах юм. Үйлчилгээний ажилтанг барилгын талбайн ажилтантай шууд харилцаанд оруулахгүй байлгах тал дээр анхаарч байгаа.”

“Австрали улс 3-р шатны хорио цээрийн дэглэмд шилжсэн бөгөөд энэ нь зөвхөн нэн шаардлагатай ажил буюу хүнс, эрүүл мэндийн зүйл худалдан авахаар гэрээсээ гарахыг зөвшөөрч байгаа. Наран шарлагын газруудыг хаасан. Нэг гэрт амьдардаг гэр бүлийн гишүүдээс бусад тохиолдолд 2-оос дээш хүн цугларахыг хориглож байна.”

“Австралид барилгын үйл ажиллагааг зогсоохгүй байх сонирхол их байгаа. Барилгын салбар болон холбогдох бизнесүүд нь ажиллах хүчний 1.4 сая хүнийг төлөөлдөг бөгөөд энэ нь үйлдвэрлэл ба жижиглэн худалдааны салбар дахь ажиллах хүчнийг нийлүүлсэн тооноос 14 хувиар илүү юм.”

“Засгийн газар барилгын салбарыг вирусын дараа эдийн засгийг сэргээх гол арга зам гэж харж байна. Барилгын салбар зогсвол буцаад байрандаа ороход илүү урт хугацаа орно гэдэгт санаа зовж байгаа. Герман улстай нэгэн адилаар манай засгийн газар шинэ нэмэлт ажлууд дээр тендер зарлаж, хөл хорио дуусахад ажил явахад бэлэн байлгахаар ажиллаж байна.”

Эх сурвалж: https://www.khl.com/international-rental-news/eyewitness-australian-construction-and-covid-19/143224.article

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ