МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч С.Нямдаваа, Б.Нэмэхбаатар, Б.Хүрэлхүү, Д.Цэнд, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатартай 2020 оны 07 дугаар 22-ны өдөр уулзав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар нь уулзалтын эхэнд: Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, барилгын салбарын төлөө хамгийн зөв шийдвэр гаргахын тулд баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг сонсож, хамтын ажиллагааны зарчмуудыг зөв тогтоож хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Улмаар МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нь МБҮА ТББ нь барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулж, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлж, гишүүдийн чадавхыг сайжруулж барилга, хот байгуулалтын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахад хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь 18 үндсэн зорилт, 172 нэр төрлийн ажлуудыг ирэх 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн “МБҮА ТББ-ЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2020-2024”-г Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатарт гардуулан өгч, барилгын салбарын олон зуун барилга, бүтээн байгуулалтын компаниуд болон барилгачдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын арвин их амжилтыг хүслээ.
“МБҮА ТББ-ЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 2020-2024”-г Төрийн гаргаж байгаа бодлого шийдвэрийг мэргэжлийн байгууллагын хувьд бодлогынх нь хүрээнд дэмждэг байх зорилгоор МБҮА ТББ-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайханаар удирдуулсан Ажлын хэсэг, Менежментийн зөвлөх Ц.Өнөржаргалаар ахлуулсан баг ажиллаж, барилгын салбарт тулгамдаад байгаа хот суурин газрын төлөвлөлт, дагуул хотын төлөвлөлт, дэд бүтэц, гэр хорооллын дахин төлөвлөлт гэсэн 4 асуудлын хүрээнд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээтэй боловсруулсан тухай МБҮА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатарт тайлбарлан өгч “Засгийн Газрын 2020-2024 Хөтөлбөр”-т МБҮА ТББ-аас өгөх саналыг өгөх гэж буйгаа илэрхийлснээр уулзалт амжилттай өндөрлөв.





