БХБЯ, МҮХАҮТ-ын Барилгын зөвлөл, “Монголын барилгын инженерүүдийн холбоо”, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ болон Өмнөд Солонгос, Тайвань улсын барилгын салбарын мэргэжилтнүүд “Барилгын ажлын тусгай зөвшөөрөл, лиценз, хөгжлийн чиг хандлага” сэдвийн дор олон улсын дугуй ширээний ярилцлага 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус дугуй ширээний уулзалт, ярилцлага нь “Азийн барилгын инженерүүдийн холбоо”-ны санаачлалаар жил болгон зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жил Монгол улс дахь барилгын ажлын зөвшөөрөл олгох ажлын процесс, үүнтэй холбоотой төрөөс баримталж буй бодлогын талаар ярилцахаас гадна гадаад улс оронд барилгын ажлын зөвшөөрөл лицензийг хэрхэн олгодог талаар мэдээлэл солилцож, туршлага судлан ярилцсан юм.
Монгол, Солонгос, Тайвань улсын төлөөлөл болох 20 гаруй хүн оролцсон тус дугуй ширээний ярилцлагад дараах төлөөлөгч нар оролцов. Үүнд:
– Тайвань улсын Барилгын инженерүүдийн холбоог төлөөлж Дэд нарийн бичгийн дарга профессор Yuh-huei Chang,
– БНСУ-ын Барилгын Инженерүүдийн холбоог төлөөлж профессор Yeonjoo Kim, МБИХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Ганзориг,
– МБИХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Ганбат,
– МҮХАҮТ-ийн Барилгын зөвлөлийн дарга Г.Батсүх,
– БХБЯ-ны ББМҮХ-ийн барилга байгууламжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан Мэргэжилтэн н.Батзориг,
– Барилгын салбарын үйлдвэрчдийн холбооны Дарга Б.Батцогт
– МБҮА-ийн Гүйцэтгэх захирал Л.Хулан
– МБҮА-ийн Зөвлөх инженер Б.Бямбажав
– МБҮА-ийн Салбарын бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Г.Лосол МБҮА-ийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатар болон бусад салбарын ТББ-ууд оролцож барилгын тусгай зөвшөөрлийн хөгжлийн чиг хандлагын талаар үр дүнтэй санал солилцлоо.
МБИХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Ганбат хэлэхдээ Монголын Улсын хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь 4 төрөл чиглэлийн дагуу олгогддог ба үүнийг Барилгын тухай хууль, Аж ахуйн барилгын тусгай зөвшөөрлийн хууль болон холбоотой бусад хууль, дүрэм, журмын дагуу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ гэж заасныг 2018 оноос уг үйл ажиллагааг Төрийн бус байгууллагад шилжүүлээд явж байгааг дурьдлаа.
БХБЯ-ны ББМҮХ-ийн барилга байгууламжийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Батзориг “Барилгын тусгай зөвшөөрөл, төрөөс баримтлах бодлого” сэдвийн дор тавьсан илтгэлдээ Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6 дахь заалт, Барилгын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1. “Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 18.4, 34.2, 44.7-д заасны дагуу шилжүүлсэн чиг үүргийг төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлж болно гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассоциацитай байгуулсан 2018 оны 01-р сарын 25-ны 2018/18 дугаар гэрээг байгуулан ажиллаж байна.
ТББ-д шилжсэнээр тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн өргөдлийг зохион байгуулагч байгууллага хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор мэдээллийн сантай тулгалт хийж, ажлын хэсгийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлж, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол энэ тухай үндэслэлийг тодорхой зааж, зохион байгуулагч байгууллага албан бичгээр хариу мэдэгдэн зэрэг гэрээний дагуу хариуцлагатай сайн ажиллаж байгааг дурьдлаа.
Харин МБҮА-ийн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн Дарга М.Энхбаатар хэлэхдээ уг уулзалт, ярилцлага нь цаг үеэ олсон ач холбогдолтой үйл ажиллагаа болж буйг дурьдаж Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг салбарын төрийн бус мэргэжлийн байгууллага нь хэрэгжүүлснээр тусгай зөвшөөрлийг авах гэж цаг хугацаа алдах, үүнийг дагаад барилгын хөрөнгө оруулалт буурах, үргүй зардал гарах зэрэг олон асуудал тулгарч, барилгын компаниудын бизнесийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг байсныг илүү түргэн шуурхай, ил тод, хүнд сурталгүй шийддэг болсон зэрэг олон дэвшилт гарсныг онцоллоо.
Мөн төрийн бус мэргэжлийн байгууллага авч хэрэгжүүлсэн сүүлийн 4 сарын товч мэдээ болон цахим системд тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг товч танилцууллаа.
Үргэлжлүүлээд Тайвань улсын Барилгын инженерүүдийн холбооны дэд нарийн бичгийн дарга профессор Yu Chang Hui тавьсан илтгэлдээ Тайвань улсын тухайд барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь төрийн байгууллагадаа харьяалагддаг бөгөөд зураг төслийн зөвшөөрөл, барилга угсралтын ажлын зөвшөөрөл, мэргэшсэн инженер барилгын ажил удирдан гүйцэтгэх зөвшөөрөл хэмээн ангилж, эдгээр зөвшөөрлийг төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон төрийн байгууллагын дэргэдэх зөвлөл, хороо нь олгодог бол томоохон төслүүдийн барилгын зөвшөөрлийг төрийн байгууллага нь олгодог гэнэ. Тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацаа нь 3-4 жил байдаг ба хийж гүйцэтгэсэн төсөл, санхүүгийн орлого тооцоогоо нарийвчлан гаргаж, тайлагнадаг хэмээлээ.
Мөн инженер техникийн ажилтнуудад олгох тусгай зөвшөөрлийг салбарын төрийн бус мэргэжлийн байгууллага нь буюу Тайвань улсын барилгын инженерүүдийн холбоо хариуцдаг.
Манай улсаас ялгаатай өөр нэг онцлог нь барилгын аж ахуйн нэгж 1-2 зөвлөхтэй байж болдог бөгөөд 2-4 инженер, техникийн ажилтантай жижиг компани хүртэл тусгай зөвшөөрөл авч, /ийм компани нь ихэвчлэн туслан гүйцэтгэгчээр оролцдог/ жижиг барилгын ажлыг хийж болдог байна.
Уулзалт үргэлжлээд аливаа салбарын шинэчлэл, дэвшил, бусад туршлагын талаар нээлттэй хэлэлцүүлгээр санал солилцлоо. Уг уулзалтаас дараах санал зөвлөмж гарсан. Үүнд:
1. Барилгын салбарын инженер техникийн ажилчид, экспертийн үйлчилгээ хийж буй этгээд болон салбарын бүхий л мэргэжилтэн ажилчдыг тогтвортой ажиллуулах нийгэм хамгаалалд анхаарал хандуулах үүднээс нийгмийн даатгал болон бусад аюулгүй ажиллагааны даатгал хийгдсэн зэрэг шалгуур үзүүлэлтийг нэмэх мөн түүнд хяналт тавих;
2. Хяналтын систем, тендерийн системийг улам сайжруулж улам боловсронгуй болгоход чиглэгдсэн тодорхой арга хэмжээг авч ажиллах, Олон улсын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнүүдийг тогтмол зохион байгуулах;
3. Тусгай зөвшөөрлийн шалгуурт үзүүлэлтэд гүйцэтгэсэн ажлын цар хэмжээ, ерөнхий болон туслан гүйцэтгэсэн компанийн ажилчдын шалгуур үзүүлэлтийг нэмэх шаардлагатай байна. Мөн үүнийг барилгын ажлыг гүйцэтгэсний дараа хяналт тавьж түүнд суурилсан чадварын үнэлгээний мэдээллийн нэгдсэн сантай болох.
Энэ удаагийн Олон улсын инженерүүдийн дугуй ширээний уулзалт барилгын салбарын бүтээн байгуулалтыг сайжруулах үүднээс гүйцэтгэгч, захиалагч болон үйлдвэрлэгч, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид бүгд нэгдэж барилгын ажлын зөвшөөрөл олгох ажлын процесс, үүнтэй холбоотой төрөөс баримталж буй бодлогын талаар ярилцахаас гадна гадаад улс оронд барилгын ажлын зөвшөөрөл лицензийг хэрхэн олгодог талаар мэдээлэл солилцож, туршлага судалсан, санал санаануудаа хуваалцсан үр өгөөжөөр дүүрэн уулзалт болж өндөрлөлөө.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





