Монголын барилгын үндэсний ассоциаци нь “Олон Улсын болон Монгол Улсын Ахмадын Өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ахмад барилгачдаа угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээнд барилгын салбарын үе үеийн сайд, удирдлагууд болон энэ салбарт насаараа зүтгэж буй гавьяат барилгачид хүрэлцэн ирж, өөрсдийн ажил амьдралын дурсамжийг хуваалцахын зэрэгцээ барилгын салбарын түүх, орчин цагийн барилгын чиг хандлагын талаар өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм.
Энэхүү дурсамж уулзалтыг МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нээсэн ба тэрээр, “Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг дэвшүүлье. Манай МБҮА нь байгуулагдсанаасаа хойш цаг хугацаа орон зайг эзэлсэн алдар түүхт барилгачдынхаа 3 хэлхээ залгамжийг таслахгүйн барилгын салбарт сайн засаглалыг бий болгоход төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа уялдааг сайжруулах, хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд нөлөөлөх, гишүүн компаниудын чадавхыг сайжруулж, барилгын зах зээлийн тогтвортой өсөлтийг хангахын төлөө хүчээ дайчлан ажиллаж ирсэн. Одоогоор Улаанбаатар хотын нийт бүтээн байгуулалтын 70 гаруй хувийг барьж байгуулсан 180 орчим томоохон гишүүн аж ахуйн нэгжүүдийг нэгтгээд байна.
Сүүлийн жилүүдэд төр захиргааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ 2018 оноос төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх Барилгын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлыг бусад мэргэжлийн холбоодтойгоо түншлэн гүйцэтгэж байна. Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж байгаатай холбогдуулан барилгын салбарт насаараа ажилласан эрхэм ахмад барилгачид та бүхэнтэйгээ хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул бидний үүсгэн байгуулах гэж буй “Ахмад экспертүүдийн клуб”-т та бүхнийг орж ажиллаж, бидэнд үнэтэй санал зөвлөмжөө өгч байхыг хүсье” хэмээн тодотгов.
БХБ-ын Сайд Х.Баделхан нь Засгийн газрын хурладаантай байсан тул Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн арга хэмжээнд хүрэлцэн ирж, ахмад барилгачиддаа баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Үргэлжлээд МБҮА-ийн Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан Ассоциацийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийсэн ба үүний дараагаар уригдан ирсэн зочид дурсамжаа хуваалцав.
Арга хэмжээний төгсгөлд МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Гүйцэтгэх захирал Л.Хулан, УЗГ Д.Цэнд, Зөвлөх Б.Бямбажав нар Барилгын салбарын Ахмадын хорооны тэргүүн Л.Тогтохбаярт Ассоциацийн зүгээс тус хороонд хандивлаж буй 1.000.000 төгрөгийн эрхийн бичгийг гардууллаа.
МБҮА-ийн зохион байгуулсан “Олон Улсын болон Монгол Улсын Ахмадын Өдөр”-т хүрэлцэн ирсэн ахмадууд хүндэтгэлийн зоог барьснаар өндөрлөв.
Хүндэтгэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





