Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ МБҮА ТББ нь БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA)-тай 2017 оноос хойш ойр дотно, үр өгөөжтэй хамтын ажиллагааг тууштай өрнүүлж ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд МБҮА ТББ нь БНХАУ-ын Засгийн газар болон CHINCA-гаас хамтран зохион байгуулдаг “Олон улсын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын дээд хэмжээний форум” (Макао)-болдог арга хэмжээнд тогтмол оролцож, харилцан ойлголцол, туршлага солилцоогоо гүнзгийрүүлсний үр дүнд 2025.09.18-ны өдөр Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ МБҮА ТББ нь БНХАУ-ын Олон улсын гэрээлэгчдийн нийгэмлэг (CHINCA)-тай албан ёсны хамтын ажиллагаагаа эхлүүллээ.
Уг Санамж бичигт МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, CHINCA-ийн Ерөнхийлөгч Фан Чючен нар гарын үсэг зурж албажууллаа.
Тус арга хэмжээнд БНХАУ-ын зүгээс Дэлхийн шилдэг 500-д багтдаг Хятадын хөрөнгө оруулагчид, төсөл хэрэгжүүлэгчид болох Shanghai construction group, Сhina railway signal & communication co., ltd, Сhina north industries corporation, Сhina machinery engineering corporation, Beiben trucks group co., ltd, Shaanxi construction engineering corporation-ууд оролцсон бол Монголын талаас МБҮА ТББ-ын Хүндэт ерөнхийлөгч, Макс өргөө ХХК-ийн захирал Д.Цэрэнжигмэд Тэргүүн дэд ерөнхийлөгч, Заг групп ХХК-ийн захирал Б.Нэмэхбаатар, Дэд ерөнхийлөгч, NCD групп ХХК-ийн захирал Б.Хүрэлхүү, Эко констракшн ХХК-ийн захирал С.Нямдаваа, Эрэлт импекс ХХК-ийн захирал Д.Энхтөр болон Нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газрын дарга Б.Мөнхбаатар, Ай Ди Си Ай ХХК-ийн захирал Э.Ванчиндорж, Гурван бухат групп ХХК-ийн захирал Т.Ганчимэг, Барилга,mn захирал Д.Цолмонгэрэл,Дельта лифт ХХК-ийн захирал Г.Бат-Амгалан нар оролцож санал бодлоо солилцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- 2025.09-р сард Улаанбаатар хотод CHINCA&MNCA форум, үзэсгэлэнг зохион байгуулах, цаашид жил бүр БНХАУ-ын Бээжин юмуу Улаанбаатар хотод ээлжлэн үзэсгэлэнг зохион байгуулж, хамтран ажиллах
- Барилга байгууламжийн хууль, дүрэм, техникийн стандарт, салбарын хөгжилтэй холбоотой мэдээлэл солилцох
- Гишүүн компаниудаа хооронд нь танилцуулах, бизнес уулзалт, B2B боломжуудын төлөвлөгөөг зохион байгуулж, хэрэгжүүлэх
- Хамтарсан төсөл, хөтөлбөрүүд боловсруулах
- Барилгын салбарынхыг хамруулсан хууль, дүрмийн сургалт, семинар зохион байгуулах
- Салбарын их дээд сургууль, сургалтын төвүүдтэй хамтран хөдөлмөрийн сургалт, чадавхжуулалтад Гишүүдээ хамруулах
- Барилгын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чиглүүдэд хамтран ажиллахаар тогтохоос гадна дээрх хамтын ажиллагааг үр дүнтэй, тогтмол хэрэгжүүлэхийн тулд хамтарсан нэгжийг бий болгох тал дээр харилцан ойлголцолд хүрлээ.
Ийнхүү энэхүү хамтын ажиллагаа нь дотоодын барилга, дэд бүтцийн компаниудаа олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлээд зогсохгүй, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нутагшуулах замаар салбарын орчин үеийн хөгжил, чадавхыг дээшлүүлэхэд анхаарч төсөл хэрэгжүүлэгч компаниудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж өгч байгаа томоохон арга хэмжээ боллоо.
photo by: А.Батдэлгэр





