MБҮА ТББ нь Монгол Улсын томоохон барилга, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, зураг төсөл, архитектурын чиглэлийн 270 гаруй барилгын компаниудыг эгнээндээ нэгтгэж, нийгэмдээ болон гишүүддээ үйлчилдэг, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг төрд хүргэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гүүр болж ажилладаг билээ.
Сэлбэ дэд төвийн 1, 2-р багцыг сонгон шалгаруулалт зарласан цаг үеэс эхлэн мега төслүүдэд дотоодын барилгын компаниудыг оролцуулах боломжоор хангахын тулд МБҮА ТББ нь Нийслэлийн удирдлагууд, Төслийн удирдлагын нэгжүүд, холбогдох албаны хүмүүстэй шат дараалсан уулзалт, хэлэлцүүлэг, Санамж бичиг байгуулах, Үндсэн хуулийн Цэц, Монополын эсрэг газар зэрэгт холбогдох бичгийг хүргүүлэн ажиллаж байгаа билээ.
Уг ажлын үр дүнд Сэлбэ дэд төвийн 3, 4-р багцыг задлан дахин 5 болгон хуваан дахин сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан дээрх сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн Гишүүн байгууллагын төлөөллүүдтэй уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар тус төслийн тендер шалгаруулалтын нөхцөл, тавигдах шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж уг тендерт дангаар болон түншлэлээр, туслан гүйцэтгэгчээр оролцох нөхцөл байдлыг тайлбарлан хөрөнгө санхүү, хүний нөөц, техникийн хүчин чадлын мэдээлэл нь үнэн зөв, хангалттай хүрэлцэхүйц байхыг онцоллоо.
Мөн уг тендерийн гэрээ нь Фидик-ийн гэрээний зарчмаар хийгдэх учир гэрээ эрх зүйн өндөр мэдлэгтэй байх, ИТА-уудын чадамж чадавхыг дээшлүүлэх хүрээнд МБҮА ТББ-иас ямар зохион байгуулалт, дэмжлэгийг хүсэж байгаа талаарх Гишүүдийн санал сэтгэгдлийг сонсож ойрын хугацаанд зохион байгуулалтад орж хамтран ажиллахаар тогтлоо.





