ОРОН СУУЦНЫ БОЛОН ОРОН СУУЦНЫ БУС ЗОРИУЛАЛТТАЙ БАЙШИНГИЙН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж, өргөн барихтай холбогдуулан тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч Б.Хүрэлхүү, УЗ-ийн гишүүн Тесо пропертисс ХХК-ийн төлөөлөл болон МБҮА ТББ-ын Ажлын албаны Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар нар уулзалт хийлээ.
Уулзалтаар тус хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлага, хуулийн төсөлд баримталж буй байр суурь, үзэл баримтлалын талаар танилцуулж улмаар хуулийн төслийг боловсруулах олон нийтэд танилцуулах, хэлэлцүүлгийг зохион байгуулахад МБҮА ТББ-ын зүгээс Гишүүн байгууллагуудынхаа оролцоог хангах, саналыг тусгах, хуулийн төслийн “Ажлын хэсэг”-т орж ажиллах тал дээр ойлголцолд хүрлээ.
Мөн МБҮА-ийн Ажлын албаны Салбарын бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Энхбаатар тус Орон сууцны болон орон сууцны бус барилгын дундын өмчлөлийн менежментийн тухай хуулийн төслөөс гадна барилгын салбар дахь бусад хууль эрх зүйн орчны шинэчлэл Барилгын ерөнхий хууль, Орон сууцны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг хуулийн төслүүд дээрх харилцан мэдээлэл солилцон хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийллээ.





