February 2, 2023
БАРИЛГЫН ТӨСЛИЙН УДИРДЛАГА, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ “BIM-2023”-ИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТАРНА

“BIM” буюу барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлтийг хийх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө “BIM-2023” форумыг Барилга, хот байгуулалтын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, БХТ ТӨҮГ, МБИХ ТББ, МБҮА ТББ, МБЗТЗХ ТББ-ууд хамтран 2023.02.02-ны өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээг БХБ-ын Дэд сайд Э.Золбоо нээж “БИМ гэдэг дотоод сүлжээ салбараараа хөдөлж байж хэрэгжих онцлогтой. Салбарын бүх талуудын оролцоо жигд байж бодит байдлаар ажиллах систем. Зургийн компаниуд нь мэдээллээ БИМ сүлжээ рүүгээ оруулаад байдаг, нөгөө талд нь захиалагч, гүйцэтгэгч талууд нь хэрэглэхгүй бол энэ нь үр дүнгээ өгөхгүй гэдгийг тодотголоо. Тиймээс цаашид яамны зүгээс аж ахуйн нэгж, байгууллагуудад “BIM”-ийг нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ системийг нэвтрүүлж, салбар маань шинэ шатанд гарна, бидний өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол дөхөм болно, мөн цаг хугацааг, мөнгийг хэмнэнэ, дээр нь барилгын чанар сайжрах давуу талууд бүрдэнэ” гэлээ.

Энэ удаагийн “BIM-2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл нь “Нийгэм-эдийн засгийн салбарын цахим шилжилтэд мэдээллийн технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа”, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга нь “BIM-Барилгын мэдээлэлтэй загварчлалын Road map-г боловсруулах төсөөлөл, зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар”, BIM-ийг нэвтрүүлсэн Олон улсын хэрэглээ, туршлагын талаар МБИХ ТББ-ын Зочин илтгэгч Азийн барилгын инженерүүдийн Зохицуулах зөвлөлийн BIM-ийн Техникийн хорооны гишүүн, Ионсей Их сургуулийн Профессор Санг Хо Ли нь БНСУ-ын BIM-ийг нэвтрүүлсэн  туршлага, МБҮА ТББ-ын Зочин илтгэгч Сингапурын Гэрээлэгчдийн ассоциацийн Азийн бүсийн менежер Виллиам Лов нь Сингапур Улсын BIM-ийг нэвтрүүлсэн  туршлага, “Билдинг смарт Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Наранцогт, УЗ-ийн дарга А.Бат-Од “BIM-ийн танилцуулга”, MGL E@C зураг төслийн компанийн захирал Б.Билгүүн, “Эвалюшн дизайн” ХХК-ийн загвар хөгжүүлэлтийн сургалтын төвийн захирал Э.Золбоо нар нь “BIM программуудын хамтран ажиллах аргачлалуудын талаар, “Эстиматор клауд” ХХК-ийн Захирал М.Одмандах “Үүлэн технологи дээр суурилсан Estimator cloud төсвийн программ, BIM интеграци” зэрэг сэдвүүдээр ач холбогдолтой илтгэлүүдийг тавилаа.

 

Дээрх арга хэмжээнд МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ажлын албаны БТҮАЗ хэлтсийн дарга Х.Гүлбарша, тус албаны Үйл ажиллагаа хариуцсан менежер Х.Долзодмаа, Сургалт, судалгаа, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ж.Бат-Эрдэнэ, Хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т.Энхзул нар болон МБҮА ТББ-ын Гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцож холбогдох мэдээллийг авсан бөгөөд “BIM”-ээр дамжуулан барилгын төслийг цахимаар үр өгөөжтэй байдлаар тооцоолж илүү оновчтой, зөв төлөвлөлтийг хийх нөхцөл бүрдэх болох юм.

Бусад мэдээ

Салбарын судалгаа

Салбарын судалгаа шинээр гарлаа.
онцлох
ОНЦЛОХ МЭДЭЭ