МБҮА ТББ-ын 2020-2023 онуудад хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөөнд Гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасны дагуу “Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан, Др.PhD. Б.Батболд болон төслийн багийнхан, МИК-ийн Бизнесийн хөгжлийг хариуцсан Захирал Ц.Батбаяр, МБҮА ТББ-ын удирдлагууд, гишүүн байгууллагын төлөөллүүд нь 2023.06.21-ний өдөр ээлжит уулзалтаа хийлээ.
“Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан, Др.PhD. Б.Батболд нь: Өнгөрсөн хугацаанд бид Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр компаниудыг оруулж ажиллуулбал ямар эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа гэдэг дээр анхаарлаа хандуулан иргэд болон компаниудын төлөөллүүдтэй маш олон удаагийн уулзалтыг зохион байгуулан ажиллалаа. Баянхошуу, Сэлбэ төслүүдийн дэд бүтцийн асуудлыг Азийн Хөгжлийн Банкнаас шийдсэн учир энэ төслүүд дээр төвлөрөн иргэдийг холбон өгч хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Одоогийн байдлаар гэр хорооллыг барилгажуулах төслүүд нь зарим нь хийгдээд, зарим нь зогссон, зарим нь хүлээлттэй байна. Манай төсөл нь иргэн болон компанийг шууд уулзуулахаас илүүтэйгээр ажлын төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан компаниудыг иргэдтэй уулзуулъя гэсэн санаатай байгаа болно. Сэлбэ төслийн дэд төвийг дагасан голын хөндийг дагуулаад гоё төлөвлөлтүүд хийвэл болохоор байна. Энэ голыг дагасан газруудыг хүн болон иргэн төвтэй төлөвлөлттэйгөөр хийгээд, тэрийгээ дагасан барилгажуулалтыг хийхээр төлөвлөж байна. 7 буудлын уулзварыг ногоон хүнсний төв, зах болгож, тэрний дагуу зам харгуй, дэд бүтцийг төлөвлөсөн байгаа. Энэ төлөвлөлтийн дагуу барилгажуулалт, бүтээн байгуулалтыг хийх юм бол хоёр дахь төвлөрөл энд ч үүсэж болно.
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь: Одоо та бүхний төлөвлөөд байгаа 9 га газар нь цаашдаа гацаа үүсгэхгүйгээр ажил эхлүүлэхэд бэлэн байх асуудал нь шийдэгдсэн үү?
“Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан, Др.PhD. Б.Батболд нь: Одоогийн байдлаар хүн амьдрахгүй байгаа, ЦТП нь дэргэд нь шахуу байгаа, 3 газрыг хашсан байгаа.
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын Тэргүүн Ч.Наранбаатар нь: Энэ яриад байгаа төлөвлөлт, ажилд төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлж байгаа юу?
“Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан, Др.PhD. Б.Батболд нь: Ерөнхийдөө төр Азийн Хөгжлийн Банктай хамтраад дэд бүтцийн асуудлыг шийдээд өгсөн. Одоо хийгдсэн дэд бүтэц дээр тулгуурлан хувийн хэвшил хийх цаг болоод байна. Тэрнээс төр дандаа энийг тэрийг хийгээд, дэд бүтцийг нь шийдээд явна гэж байхгүй байх. Одоогоор дахин төлөвлөлтийг нь хийх гэж байгаа ЧД-ийн 7,14-р хороо нь хотын төвөөс хол учир компаниуд барьсан барилгыг авахгүй байвал яах вэ гэсэн айдастай байгаа. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлт дээр орж бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа компаниудад төр богино хугацааны татварын дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлэх дүрэм журам гаргах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг барилгажуулж байгаа компаниудад хууль эрх зүйн болон санхүүгийн дэмжлэгийг зайлшгүй үзүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж л гэр хороолол хөгжинө. Мөн хотын зүгээс гэр хороололд өндөр барилгыг барих зөвшөөрлийг өгөхгүй, зөвхөн ерөнхий төлөвлөлтөд тусгасан төлөвлөгөөний дагуу ажиллах компаниудад л зөвшөөрлийг олгох хэрэгтэй болов уу. Тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа гэхэд нөгөө шавран шугуй л бий болно.
Төслийн хуульч Батчимэг нь: Өнгөрсөн уулзалтаас хойш олон барилгын компаниудтай уулзаж санал бодлыг нь сонсож гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр ороход ямар бэрхшээл байна, төрийн зүгээс ямар бодлогод анхаарал хандуулах ёстой вэ гэдэг дээр хуулийн төслийг боловсруулаад дуусаж байна. Ихэнх компаниуд нь “ХАОАТ-ын тухай” хууль болон “НӨАТ-ийн тухай” хуульд нэмэлт оруулах байдлаар хөнгөлөлт, чөлөөлөлт байвал төлөвлөлт рүү орох сонирхол байна. Иймд энэ талаас нь судлаад хоёр хуулийн төсөл бэлдээд БХБ-ын Сайд Ц.Даваасүрэнд танилцуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Бид агаар, хөрсний бохирдол, түгжрэлийн асуудлаас хурдан хугацаанд салъя гэж бодож байгаа бол энэ төслийг хурдан эхлүүлэх цаг үеийн зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна.
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь: Бидний хувьд өмнөх уулзалтууд дээр хэд хэдэн асуудлуудыг ярьж тохиролцсон байгаа. Одоо бид энэ төсөл дээр барилгын компаниуд нь ямар оролцоотой байх юм, төслийн нэгж нь, МБҮА ТББ нь юу хариуцах ёстой гэдэг дээр тодорхой болгоод загвараа гаргая гэж ярилцсан. Мөн одоо төлөвлөлт нь гараад байгаа 9 га-д 2-3 компанид барилга барих зөвшөөрлийг олгосон байгаа. Тэр асуудлыг зогсоолгохгүй бол бидний яриад байгаа энэ төсөл нь цаашаа үргэлжлэхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ, гэр хороололд төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх болон зөвхөн төлөвлөлтөд зориулсан барилгад зөвшөөрөл олгуулах тал дээр журам боловсруулах хэрэгтэй байна гэсэн асуудал ярьсан. Мөн борлуулалтын санхүүжилт тал дээр загвар төсөл дээр олгоё гэсэн зүйлийг МИК яриад байгаа. Энэ ямар түвшинд явж байгаа вэ гээд асуудлуудаа тодорхой болгоод явах хэрэгтэй болоод байна. Мөн газар чөлөөлөх асуудал дээр газрын эзэн болон компани хоёрыг хооронд нь тавихаас илүүтэйгээр төр зохицуулалтыг нь хийх хэрэгтэй гэдэг дээр асуудал оруулахаас эхлүүлээд хийх ажлууд их байна.
“Монголын хот байгуулалтын холбоо”-ны тэргүүн, “Гудамж” төслийн захирал асан, Др.PhD. Б.Батболд нь: Бид ажлын зургийг эхлүүлж байна. Ийм ерөнхий төлөвлөгөөтэй, ийм барилга барих компаниуд нь орно шүү гээд шаардлага тавиад ирэхээр асуудал нь тодорхой болоод эхэлнэ. Манай төслийн архитектор, санхүүч, эдийн засагч, мэргэжилтнүүд нь энэ төслийг урагш нь ахиулахын тулд бүх талаас нь судалж, маш шаргуу ажиллаж байгаа. Энэ барилгуудыг социализмын үед Байшин үйлдвэрлэх комбинат (БҮК) үйлдвэрлэж байсан шиг барилгын бүх деталиудыг угсардаг байдлаар хийчихвэл орон сууцны үнэ буурах боломжтой гэдэг нь тооцооллоор гарсан, өөрөөр хэлбэл, тэр хэрээр Хятадаас орж ирэх чулуу, ширхгийн бүтээгдэхүүн орж ирэх нь багасна. Тиймээс одоо гэр хорооллыг ерөнхий төлөвлөгөө, стандартын дагуу хөгжүүлэхэд барилгын компаниуд нь нэгдэх хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна.
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-ын Тэргүүн Ч.Наранбаатар нь: 2013 онд би Баянхонгорт яг наад төслийг чинь хийгээд шатаж байсан. Тиймээс зорилтот ийм төслүүдийг улсаас хууль эрх зүйн болон татварын бодлогоор гаргаж байж л хэрэгжих боломжтой.
МИК-ийн Бизнесийн хөгжлийг хариуцсан захирал Ц.Батбаяр нь: Манай үүрэг бол банкнууд дээр олгосон зээлийг үнэт цаасжуулаад, 30 жилийн хугацаатай эх үүсвэр болгоод явж байгаа. Одоо энэ хөтөлбөр нь Монгол банкнаас Засгийн газар руу шилжиж байгаа. Тиймээс Засгийн газрын зүгээс гэр хорооллыг барилгажуулах төслүүд, иргэд рүү хандсан бодлогоо гаргаасай гэж хүсэж байна. Засгийн газрын түвшиндээ ярилцаад тодорхой хэмжээний квотыг нь гэр хороололд орон сууц авахад чиглэсэн байдлаар шийдэж өгвөл гэр хороолол маань хурдан барилгажих боломж үүсэх юм байна гэж харж байгаа. Одоо компаниуд юу хүсэж байна вэ гэхээр борлуулалт дээр дэмжээч ээ, тодорхой хэмжээний квот өгч болдоггүй юм уу гэсэн зүйлийг их ярьж байна. Нөгөө талаасаа барилга барих санхүүжилт нь хямд эх үүсвэр биш байгаад байгаа юм. Тэр төсөл дээр орсон компаниуд нь цэвэр барилгын компаниуд байгаад байна. Санхүүжилт нь арилжааны банкны шугамын зээлтэй. Тиймээс барилгажилт их удаан явж байна. Одоо бид нар юу гэж харж байна вэ гэхээр хөтөлбөр нь гэр хороолол руу чиглэх ёстой. Нөгөө талаараа тийшээ барилга барихаар сонирхож байгаа аж ахуйн нэгжүүдэд гаднаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө хямд эх үүсвэртэй зээлийн боломжийг эрэлхийлье гэж бодож байна.
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан нь: БХБ-ын Сайд Ц.Даваасүрэнтэй энэ төслийн хүрээнд уулзаж санал бодлоо хэд хэдэн удаа солилцсон. Энэ төслийг аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлүүд орж хийвэл ямар зохицуулалт, хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгтэй байгаа юм, тэр хуулийн төслийг бичээд ороод ир гэсэн байгаа. Тиймээс та бүхний бэлдсэн төслийн журмыг бариад ойрын хугацаанд уулзалт хийх цагаа товлож ажлыг цааш ахиулах тал дээр асуудлуудаа яриад явъя.
Ийнхүү энэ удаагийн ээлжит уулзалт өмнөх уулзалтуудаас нэг шат ахиж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд нэгдэж барилга барих аж ахуйн нэгж, компаниудад төрийн бодлогоор татварын хөнгөлөлт эдлүүлэх хуулийн төслийг бэлэн болгож БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд танилцуулахаар боллоо.





