МБҮА ТББ нь макро, микро орчны шинжилгээ, хэлэлцүүлэг, үйл ажиллагааны өнөөгийн байдал, өмнөх жилүүдийн тайлан дээрээ үндэслэн “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-ыг боловсруулсан билээ. Уг ажлын хүрээнд Барилгын салбарын чиг хандлага, улс эх орны эдийн засгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр барилгын салбарын болон эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэн, шинжээчидтэй тогтмол уулзаж санал бодол солилцдог билээ.
Энэ удаад МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлын Зөвлөх асан, Засгийн газрын дэргэдэх Эдийн засгийн үндэсний хорооны багийн гишүүн байсан, Монгол Улсын хэд хэдэн Ерөнхийлөгчдийн Зөвлөхөөр ажиллаж байсан, одоо “Стратеги, судалгааны хүрээлэн”-ийн Эдийн засгийн судалгааны газрын Эрхлэгч, Эдийн засагч Н.Энхбаяртай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн болон барилгын салбарт үүсээд байгаа нөхцөл байдал, үүнд нөлөөлж буй гадаад ба дотоод хүчин зүйлүүд нь барилгын материалын ханган нийлүүлэлт, тээвэр логистик, үнийн хөөргөдөлд хэрхэн нөлөөлж байгаа, баригдаж буй барилгуудыг дулаан ба эрчим хүчээр хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар зөв шийдэл, гарц байгааг тодорхойлсны үндсэн дээр үүнийг төр засагт хүргэж шийдвэр гаргуулах тал дээр ажиллах зэрэг талаар санал бодлоо солилцлоо.





