Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд “Барс Урбан Девелопмент” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ” арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, МБҮА ТББ болон барилгын салбарын бусад компаниуд танхимаар оролцсон бол цахим хэлбэрээр Швед, Сингапур, БНСУ, Хонг Конг, Англи Улсын компаниудын төлөөлөгч нар оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дээрх арга хэмжээний үеэр ухаалаг хот төлөвлөлт, дагуул хотын дэд бүтэц, бие даасан дулааны технологийн шийдлүүд болон цахилгаан машины цэнэглэгчийн технологийн талаар танилцуулга хийгдлээ. Мөн дагуул хот, хөдөө орон нутагт шаардагдаж буй дэд бүтцийн хөрөнгө оруулалт, бие даасан дулааны талаар төр засгаас баримталж буй бодлогын хүрээнд Швед Улсын “Элпанне текник” компаниас 5-60 MW-ийн бие даасан дулааны станцын талаар танилцуулга хийсэн бол “Барс урбан девелопмент” ХХК нь Монголд үйлдвэрлэж буй анхны бүтэн цахилгаан машины талаарх мэдээллийг өгсөн юм. Уг арга хэмжээнд МБҮА ТББ-ын Ажлын албаны Бодлого, төлөвлөлт, гэрээний хэрэгжилт хариуцсан Мэргэжилтэн Х.Долзодмаа оролцлоо.





