МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ НЬ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТОДОТГОЖ, ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, МЕНЕЖМЕНТИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАНА
МБҮА ТББ-ын 2022 оны Удирдах зөвлөлийн Ээлжит IV-р Хурал 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Ультра грийн ресорт” кэмпийн хурлын өргөөнд зохион байгуулагдав. Энэ удаагийн хурлаар бид дараах асуудлуудыг хэлэлцэж батлав. Үүнд:
✅ ТББ-ын Ажлын албаны 2022 оны III-р улирлын үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн гүйцэтгэл,
✅ “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-ийн тодотгол,
✅ Стратеги төлөвлөгөөний тодотгол батлагдсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн дэргэдэх “Стратеги, бодлогын зөвлөх нэгж”-ийг байгуулах,
✅ Ассоциацийн зорилго, зорилт үйл ажиллагааны чиглэл хариуцсан байнгын 9 хороонуудыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулах,
✅ “Ерөнхийлөгчдийн зөвлөлийн ажиллах журам”,
✅ “Стратеги, бодлогын зөвлөх нэгжийн ажиллах журам”,
✅ “Гишүүнчлэлийн журам” болон
✅ “Нийгмийн сүлжээнд гишүүдийн ажиллах ёс зүйн журам”,
✅ Төрийн одон медалиар шагнуулсан болон ойн баяр нь тохиож буй гишүүн байгууллагуудад баярын мэндчилгээ хүргэх зэрэг болно.
Дэлхий даяар тархсан цар тахлын нөлөөлөл намжаагүй, хөрш орнуудын улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, хил гааль, төмөр зам, тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй, барилгын материал, цементийн үнэ огцом нэмэгдэж, олдоц ховордсон болон барилгын төслийн санхүүжилтийн эх үүсвэрүүд зогссон, иргэдийн орон сууц худалдан авах чадвар буурсан, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн материал, тээвэр, ажиллах хүчний нэмэлт зардлын санхүүжилт шийдэгдээгүй энэ хүнд цаг үед асуудлаа ярилцаж, зөвшилцөхөөр энэхүү ээлжит хурлыг зохион байгуулсан юм.
МБҮА ТББ нь цаг үеэс урган гарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдэхэд дэлхий нийтийн болон дотоодын зах зээлийн орчны өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч судалгаа шинжилгээ, баримт нотолгоо дээр үндэслэсэн тооцоолол, дүгнэлттэй мэргэжлийн гарц шийдлийг гаргасан, бүхий л асуудалд дэлхийн хөгжлийн хандлага, менежментийн зарчмаар ажиллахаар байгууллагын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-т тодотгол хийлээ. Мөн МБҮА ТББ-ын Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улс дахь зах зээлийн судалгаа, менежментийн чиглэлээр тэргүүлэх мэргэжилтнүүдээр бүрдүүлсэн “Стратеги, бодлогын зөвлөх нэгж”-ийг байгуулахаар санаачилсныг “Ерөнхийлөгчдийн зөвлөл”-ийн хурлаар батлаад байна.
Энэ удаагийн хурлаар Стратеги төлөвлөгөөний тодотголыг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж албажуулахын сацуу ойрын болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудаа бүх гишүүдээсээ санал асуулга авч эрэмбэлэн ажиллахаар боллоо.





