МБҮА ТББ нь Монгол Улсад барилгын салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон барилгын шинэ технологийг нэвтрүүлэх хүрээнд Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа эрчим хүчний хэмнэлтийн талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Дарга Д.Гантулга, ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын Дарга Ц.Атаржаргал, Диспетчерийн үндэсний төвийн Судалгаа хөгжлийн албаны Дарга Э.Ганбат, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Худалдааны төлөөлөгч ноён Жэймс Ким, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх Захирал Л.Хулан нар уулзаж ярилцлаа.
Монгол Улс нь Канад Улстай уур амьсгалын хувьд ижил төстэй учир Монгол Улсын барилгын салбарт сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлэхэд нь Канад Улсын компаниудын туршлагыг судалж нэвтрүүлэх, тэдэнтэй бизнесийн харилцаа холбоог тогтоох, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх, техникийн туслалцааны хүрээнд энэ чиглэлийн Канад экспертүүдийг Монгол Улсад урьж туршлага солилцох, сургалт явуулах, хэрэгжих төслийн газар дээр нь очиж зөвлөгөө зөвлөмжийг өгөх замаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чухал байгааг онцоллоо.
Улмаар уг ажлын хүрээнд БХБЯ, ЭХЗХ, Диспетчерийн үндэсний төв болоод МБҮА ТББ-ын 160 гаруй Гишүүн компаниуд, салбарын төлөөллүүдийг оролцуулсан ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ФОРУМ-ыг 2023 онд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.





