Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ойн босгон дээр барилгын компаниуд, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллүүд салбарын сайдтайгаа уулзаж, тулгамдсан асуудлуудаа шийдэх бүтээлч санаачилгуудыг уламжлан, оновчтой шийдэл эрэлхийлэн, төр-хувийн хэвшлийн түншлэлээ өргөжүүлэхийг зорьж буй уулзалт боллоо.
Энэхүү уулзалтаар Монгол улсын төр, Засгийн газраас барилгын салбарт дэвшүүлж байгаа бодлого, зорилтууд, түүний хэрэгжилтийн талаар Б.Мөнхбаатар сайд мэдээлэл хийж , салбарын хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн санал, хүсэлтийг сонсож, цар тахлын энэ хүнд нөхцөл байдалд Улсын их хурал, Засгийн газар, салбарын яамнаас барилга, бүтээн байгуулалтыг хэрхэн дэмжих, юун дээр анхаарах шаардлагатайг болон хил гаалийн асуудал, материал ,түүхий эдийн үнэ ханшны өсөлт, тээврийн саатлыг арилгах, гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг шуурхай хийх, ажлын байрыг хамгаалах, салбарын аж ахуй нэгжүүдийн эдийн засгийг дэмжих зэрэг тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдэх, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан санал бодлоо чөлөөтэй хэлэлцэн ярилцлаа.
.jpg)
Уулзалтын эхэнд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд нээн үг хэлсэн бөгөөд тэрээр, “Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг Улсын Их Хурлын 2 байнгын хороо хамтран байгуулж, Х.Ганхуяг гишүүнээр ахлуулан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэгт манай салбараас оруулж шийдвэрлүүлэх асуудал, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдэд төрөөс тээвэр, цахилгааны хөнгөлөлт үзүүлэх, барилгын тусгай зориулалтын авто тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх, бетон зуурмагийн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулах зэрэг олон асуудлаар бид ярилцах шаардлагатай байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2021.08.26-ны А/653 захирамжаар Нийслэлийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт болон төвлөрсөн шугам сүлжээ бүхий төвийн хэсэгт газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэлх хугацаанд түр зогсоосон нь бидний бизнесийн үйл ажиллагаанд маш их хохирол учруулна. Иймд үүнээс гарах гарц шийдэл, хууль эрх зүйн үндэслэлээ нягтлан ярилцаж, холбогдох арга хэмжээг яаралтай авмаар байгааг онцлон илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд нийт оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт албан ёсоор уламжлан өргөн барьсан бөгөөд уулзалтын үр дүнд барилгын салбарынхан харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр тогтлоо.
.jpg)
.jpg)
Хүндэтгэсэн,
МБҮА ТББ-ын Ажлын алба





