Дэлхийн дахинаа шинэ коронавирусын (COVID-19) тархалт өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Улсын онцгой комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжин ажиллаж байгаа билээ.
Халдварт өвчний эрсдэлээс улс даяар өрнөж буй урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Монгол Улсын ард иргэдийн төлөө тэргүүн эгнээнд ажиллаж, дэлхий дахинаа тархаж байгаа Коронавирусын /COVID 19/ эсрэг цуцашгүй тэмцэж буй “Онцгой Байдлын Ерөнхий Газар”-ын нийт албан хаагчиддаа Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын нийт гишүүд болон хамт олныг төлөөлж талархал илэрхийлэхээр Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан, Ерөнхий менежер Т.Болормаа нар талархлын 3,000,000 төгрөгийн мөнгөн хандивыг “Онцгой Байдлын Ерөнхий Газар”-ын хамт олонд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдөр гардуулан өргөлөө.
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан энэ үеэр “Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд энэ хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа “Онцгой Байдлын Ерөнхий Газар”-ын нийт албан хаагчиддаа манай Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын нийт гишүүд болон хамт олны өмнөөс талархсанаа илэрхийлье. Бид Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэний хувьд энэхүү гамшигт аюулаас хамгаалах үйл хэрэгт хандив өргөхийн зэрэгцээ цаашид ч мөн Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын зүгээс хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хандив өгөх үеэр онцоллоо.





