МБҮА нь өөрийн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, цаашлаад улс орны барилгын салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд БНСУ-ын Барилгын ассоциацитай холбоо тогтоосноор 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, БНСУ-ын Барилгын ассоциацийн Дэд ерөнхийлөгч Жон Бён Юнь нар Улаанбаатар хотноо “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ.
БНСУ-ын Барилгын ассоциаци нь анх 1947 онд байгуулагдсан бөгөөд одоо эгнээндээ 8,000 гаруй гишүүн байгууллагуудтай салбарын бодлогын хүрээнд 4 хороотойгоос гадна БНСУ-ын өнцөг булан бүрт нийт 16 салбар, нэгжтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
“Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор БНСУ-ын Барилгын ассоциацийн Ерөнхийлөгчийн урилгаар МБҮА-ийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэдээр ахлуулсан бүрэлдэхүүнд МБҮА-ийн Дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Ажлын албаны Гүйцэтгэх захирал Л.Хулан, тус албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн Дарга М.Энхбаатар, “Роял Нью Кэстл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Идэрхүү нар 2018 оны 09 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо БНСУ-ын Барилгын ассоциаци (САК)-д албан айлчлал хийв.
Уг айлчлалын хүрээнд хоёр тал хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан хамтран ажиллах асуудлаар санал солилцож, БНСУ-ын Барилгын ассоциацийн тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжүүдийн үнэлгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, МБҮА-ийн зүгээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цахим программ хангамж, барилгын бүртгэлийн системийн талаар нэвтрүүлэн хэрэгжүүлж болохуйц тэргүүний оновчтой туршлагын судалж, цаашид уг чиглэлээр МБҮА-ийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах, хамтран ажиллах, сайн туршлагыг Монгол Улсдаа нэвтрүүлэх боломжийн эхлэлийг тавьлаа.
Түүнчлэн, БНСУ-ын Барилгын ассоциацийн гишүүн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хоёр талын гишүүн байгууллагууд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, мөн МБҮА-ийн гишүүн байгууллагуудын инженер, техникийн ажилчдын чадавхийг нэмэгдүүлэх сургалтанд хамруулах зэрэг боломжуудыг нээсэн тодорхой үр дүнтэй ажил хэрэгч айлчлал боллоо.
Хүндэтгэсэн,
МБҮА-ийн Ажлын алба





