Европын холбооны Свич-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-2” төсөлтэй хамтран ажиллаж буй барилгын бичил, жижиг бизнес эрхлэгчид нь МБҮА ТББ-д Дэд гишүүнээр элсэх арга хэмжээ 2023.01.31-ний өдөр зохион байгуулагдав.
2022.09-р сард зохион байгуулагдсан МБҮА ТББ-ын Ээлжит VI УЗ-ийн хурлаар Гишүүнчлэлийн журамд өөрчлөлт оруулж, барилгын бригад, хоршоо нөхөрлөлийг Дэд гишүүнээр элсүүлэх боломжийг бүрдүүлсэн билээ. Тэгвэл уг журмын дагуу МБҮА ТББ-ын анхны Дэд гишүүнээр “Дулаан шийдэл-2” төслийн Бригадын ахлагчид болох Л.Цэеэрэгзэн, С.Батнасан, Ш.Баярсайхан, Ж.Өнөрбаяр, М.Шигшээ нарын 5 хүн элсэж, Дэд гишүүнчлэлийн гэрээгээ байгууллаа. Удаах Бригадын ахлагчид нь мөн элсэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Шинээр Дэд гишүүнээр элсүүлэх арга хэмжээг нээж МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан нь ирэх 4 жилд төслийн барилгын бригад, компанийн төлөөлөлтэй хамтарч ажиллах чиглэл, Ассоциацийн цаашдын зорилго, зорилтын талаар танилцуулж, амжилт хүслээ. Энэ үеэр 2022 онд төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон барилгын бригадуудаас авсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, МБҮА ТББ-аас 2023 онд нийт гишүүдийн дунд зохион байгуулагдах арга хэмжээнүүд, МБҮА ТББ-ын Гишүүнчлэлийн гэрээний онцлох заалтууд, зайлшгүй мэдэх зүйлсийн талаар МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл-2” Төслийн багын гишүүд танилцуулж, шинээр элссэн Дэд гишүүдийн асуултад хариуллаа.
МБҮА ТББ-ын “Дулаан шийдэл-2” Төслийн баг нь 2022 онд I үе шатнаас эхлэн идэвхтэй хамтран ажиллаж буй 20 гаруй бригадад 600 байшингийн дулаан алдагдлыг хэмжих, 152 дулаалгын ажлыг хийх ажилд зуучилснаар төслийн болон төслийн бус барилгын ажлаас ойролцоогоор 600 сая орчим төгрөгийн орлогыг олуулсан байна. Энэ нь 1 бригад нь жилдээ төсөл болон төслийн бус ажлын хүрээнд дунджаар 24 сая төгрөгийн орлогыг олсон үзүүлэлттэй байгаа юм. МБҮА ТББ-ын Дэд гишүүнээр элссэнээр, харилцагч, захиалагчдынхаа хүрээг тэлж, бизнесээ өргөжүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллах, өөрсдийгөө хөгжүүлэх, туршлагаа нэмэгдүүлэх боломжтой гэж төслийн Бригадын ахлагчид үзэж байна.





