МБҮА ТББ БНТУ-ЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

БНТУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “TURKEY BUILD-2026” барилга, барилгын материал, шинэ дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн яармаг 2026.04.26-29-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд МБҮА ТББ нь гишүүн байгууллагуудаа туршлага судлуулах, сургалт арга хэмжээнд хамруулах, хамтын ажиллагааны боломж бололцоог эрэлхийлэх хүрээнд тогтмол оролцож ирсэн билээ.

2025 онд МБҮА ТББ нь тус улсын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоотой хамтран ажиллахаар болсон бөгөөд тус холбоо нь 1984 онд үүсэн байгуулагдсан ба дотроо хаалганы, цонхны, материал үйлдвэрлэгчдийн, сангийн, дээврийн гээд тус тусын чиглэл бүхий олон холбоодуудын нэгдэл юм байна.

Уг хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад урт удаан хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй компани, аж ахуйн нэгжүүдэд барилгын бараа материалын чанар, өнгө үзэмж, хэлбэр хэмжээ, үнийн сонголтуудыг тусгайлан гаргаж өгч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Дээрх үзэсгэлэн нь барилгын материалын дээврийн, дулаалгын, хавтан үйлдвэрлэл, фасад, угсралт, хэв хашмал, тулаас төмөр, тавилга, хаалга, барилгын багаж хэрэгслийн хамгийн сүүлийн үеийн шийдэл, технологийн дэвшлийг сурталчлах, танилцуулах төрлөөр дагнасан бөгөөд дээрх бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шинэ харилцагчтай болох, бизнесээ төрөлжүүлэхэд боломжтой аж.

Мөн жил бүр болдог тус үзэсгэлэнг зохион байгуулагч “ICA EVENTS”-ийн зүгээс Монгол Улсаас барилгын материалын чиглэлээр үзэсгэлэн зохион байгуулах, Монгол Улс руу үзэсгэлэн экспод оролцох Турк компаниудыг зуучлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Хавсралт үзэх