Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (ФИДИК)-ийн ерөнхийлөгч, ноён Алфредо Инглетти-ийн мэндчилгээ

Та бүхэнд оройн мэнд хүргэе.

Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо FIDIC-ийн нэрийн өмнөөс, Монголын барилгын салбар үүсэж байгуулагдсаны 100 жилийн ойг та бүхэнтэй хамт тэмдэглэж байгаадаа Ерөнхийлөгчийн хувьд баяртай байна. Өнөөдөр та бүхэнтэй биечлэн хамт байж чадахгүй байгаадаа харамсаж байгаа хэдий ч энэхүү түүхэн үйл явдалд цахимаар оролцож, та бүхэнд хандан мэндчилгээ дэвшүүлэх боломж олдсонд баяртай байна.

Юуны өмнө, FIDIC-ийг энэхүү түүхэн тэмдэглэлт арга хэмжээнд урьсан явдалд ноён Баярсайхан болон Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн эрхэм хүндэт зочид, хамтран ажиллагчид, найз нөхөд та бүхэнд талархал илэрхийлье. Танай Ассоциацийн зүгээс хамтын ажиллагаа бүрт үзүүлдэг халуун дотно хандлага, найрсаг сэтгэлийг би өндрөөр үнэлдэг юм.

Аливаа салбарын түүхэнд нэгэн зуун жил гэдэг бол үнэхээр бахархам урт хугацаа юм. 

Монгол Улсын барилгын өнгөрсөн 100 жилийн түүх бол асар их өөрчлөлт, хөгжлийн түүх билээ. Хөдөө нутагт төвлөрсөн бус, нүүдлийн хэв маягтай нийгмээс орчин үеийн хотжилт эрчимтэй явагдаж буй, томоохон хэмжээний нарийн төвөгтэй дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх чадавх бүхий барилгын салбартай улс болон хөгжсөн нь үүний тод илрэл юм.

Улаанбаатар хот бол энэхүү хувьсал, өсөлтийн тод жишээ бөгөөд Монголын инженерүүд, барилгачдын ур чадвар, хичээл зүтгэлийг илтгэн харуулж байна.

Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ирсэн уул уурхай, эрчим хүчний дэд бүтцийн хөгжил, мөн өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрд хүрч байгаа авто зам, төмөр зам, инженерийн шугам сүлжээний тасралтгүй өргөтгөл нь Монголын барилгын салбар улс орны цаашдын хөгжил дэвшлийг дэмжих асар их чадавхтайг харуулж байна. Ийм ч учраас инженерчлэл нь нийгэмд онцгой чухал байр суурь эзэлдэг билээ.

Түүхийн бүхий л хугацаанд инженерчлэл нь хүний төсөөлөл, алсын харааг бодит зүйл болгон хэрэгжүүлж ирсэн хүн төрөлхтний хөгжил дэвшлийн хамгийн хүчирхэг хөдөлгөгч хүч байсаар ирсэн. Бид хүмүүсийг холбож, улс орон, нийгмийг нэгтгэн, хөгжил цэцэглэлтийг урагшлуулж, хүн бүрийн сайн сайхан, аюулгүй байдлыг хангахуйц биет болон нийгмийн дэд бүтцийг бүтээн байгуулдаг.

Түүхийн бүхий л хугацаанд инженерчлэл нь хүний хөгжлийн хамгийн том хөдөлгөгч хүч байсаар ирсэн. Учир нь инженерчлэл нь бидний төсөөлөл, алсын харааг бодит ажил хэрэг болгон хувиргадаг. Бид хүмүүсийг холбосон биет болон нийгмийн харилцаа, холбоосыг бий болгож, хөгжил цэцэглэлтийг урагшлуулж, хүмүүсийн сайн сайхан, аюулгүй байдлыг хамгаалдаг.

FIDIC нь дэлхийн зөвлөх инженерийн салбарыг 115 орчим жилийн турш төлөөлөн ажиллаж, инженерүүд болон барилгын салбарт аюулгүй, тогтвортой, чанар болон шударга ёсны хамгийн өндөр стандартыг хангасан дэд бүтцийг бий болгоход нь дэмжлэг үзүүлсээр ирсэн. Өнөөдөр FIDIC-ийн гүйцэтгэх үүрэг урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.

FIDIC-ийн эрхэм зорилго нь гишүүн байгууллагуудынхаа хүч, чадавхаас бүрэн хамаардаг бөгөөд Монгол Улс, тэр дундаа МБҮА нь FIDIC-ийн дэлхийн хамтын нийгэмлэгийн чухал хэсэг билээ.

“Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээе” хэмээх FIDIC-ийн 2026–2028 оны Стратегийн төлөвлөгөөнд тусгасан алсын хараа нь зүгээр нэг уриа төдий биш юм. Энэ нь хамтын ажиллагаа, инновац, тогтвортой хөгжлийг эрхэмлэн хэрэгжүүлэх бидний тууштай амлалтыг илэрхийлж байна. Энэ хүрээнд FIDIC-ийн Улаан ном болон Мөнгөлөг номыг монгол хэлнээ орчуулсан МБҮА-ийн хамт олонд онцгойлон талархаж, баяр хүргэе. Энэ бол яах аргагүй ихээхэн хэмжээний, чухал ажил юм.

Гэрээ нь зөвхөн талууд түүнийг бүрэн ойлгож, зөв хэрэглэж чадсан тохиолдолд л үр дүнтэй байдаг. FIDIC-ийн стандарт гэрээний нөхцөлүүдийг монгол хэлээр ойлгомжтой, хүртээмжтэй болгосноор МБҮА нь Монгол Улсын хэмжээнд инженерүүд, гүйцэтгэгчид, захиалагчид болон хуульчдад олон улсын шилдэг туршлагыг илүү итгэлтэй, ойлгомжтой байдлаар хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байна.

Өөрсдийн эх хэлээрээ эдгээр баримт бичгийг ойлгож, ашиглах боломж бүрдсэнээр салбарын хэмжээнд харилцан итгэлцлийг бий болгож, хамтын ажиллагаа, харилцааг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Энэхүү ажилд оролцсон бүх хүмүүст FIDIC-ийн нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Монгол Улс барилгын салбарынхаа 100 жилийн түүхийг тэмдэглэж, цаашдын хөгжилд хөтлөх олон шинэ төсөл улс орны өнцөг булан бүрд хэрэгжиж эхэлж буй энэ цаг үед МБҮА-г FIDIC-ийн гишүүн байгууллагуудын нэг хэмээн бахархалтайгаар нэрлэж байгаадаа баяртай байна. Мөн энэ түүхийн дараагийн бүлэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье. 

FIDIC-ийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ойрын ирээдүйд Та бүхэнтэй биечлэн уулзах боломж тохионо хэмээн найдаж байна, магадгүй ирэх есдүгээр сард Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулагдах FIDIC-ийн жил тутмын “Дэлхийн дэд бүтцийн бага хурал” арга хэмжээний үеэр уулзах боломж бүрдэх ч юм билүү.

Монголын Барилгын Үндэсний Ассоциацид 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Та бүхний цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Баярлалаа.

Хавсралт үзэх