Эрхэм хүндэт удирдлагууд,
Эрхэм хүндэт мэргэжил нэгт нөхөд, Хүндэт зочид оо,
Ази, Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Холбоо (IFAWPCA)-ны нэрийн өмнөөс Монголын Барилгын Үндэсний Ассоциацид чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хүндэтгэлээ илэрхийлэхийн хамт энэхүү түүхэн ойн баярт мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийлье.
Миний бие Сангворн Липатапанлоп, Ази, Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Холбооны 48 дахь Ерөнхийлөгч. Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх энэ мөчид бид нэгэн зууны туршид салбараа хөгжүүлсээр ирсэн тэсвэр хатуужил, шинийг эрэлхийлсэн бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөр зүтгэлийг эрхэмлэн хүндэтгэж байна.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монголын барилгачид зөвхөн барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулаад зогсохгүй, хамтын нийгэмлэг, шинэ боломж, хойч үедээ өвлүүлэх үнэт бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүхийг цогцлоож ирсэн билээ.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци 2018 онд Ази, Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Холбоо (IFAWPCA)-нд албан ёсоор гишүүнээр элссэн түүхэн үйл явдлыг бид мөн бахархалтайгаар дурсаж байна. Энэхүү үйл явдал нь бүс нутгийн хамтын ажиллагааны харилцааг улам бэхжүүлж, Монгол Улсын онцлог бүхий үзэл санаа, мэдлэг, туршлагаар манай холбооны үйл ажиллагааг баяжуулсан юм.
Түүнээс хойш Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь Ази болон Баруун Номхон далайн бүс нутагт чанар, шилдэг туршлага, инноваци, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм түнш байсаар ирсэн билээ. Өнөөдөр бид бас нэгэн түүхэн амжилтыг хамтдаа тэмдэглэж байна. Энэ бол ФИДИК-ийн Мөнгөлөг номыг монгол хэлээр анх удаа хэвлэн нийтэлсэн явдал юм. Энэхүү анхдагч, чухал санаачилга нь Монголын гэрээт гүйцэтгэгч, барилга угсралтын байгууллагуудад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, шилдэг туршлагыг эх хэлээрээ ашиглах боломжийг бүрдүүлж, Монгол Улсын үндэсний онцлог, практик туршлагыг дэлхийн шилдэг жишигтэй холбосон чухал гүүр болж байна.
Өнгөрсөн түүхээ хүндэтгэн дурсаж, өнөөдрийн ололт амжилтаа тэмдэглэн, ирээдүйгээ өөдрөгөөр харж буй энэ мөчид IFAWPCA Та бүхэнтэй мөр зэрэгцэн, бахархалтайгаар хамт байна.
Монгол Улсын барилгын салбар цаашид улам хөгжин дэвжиж, инноваци, шинэ санаачилгыг нэвтрүүлэн, бүс нутагтаа манлайлан хөгжих болтугай.
Бид хамтдаа зөвхөн маргаашийн дэд бүтэц, бүтээн байгуулалтыг бий болгоод зогсохгүй, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн мөнхийн үнэ цэнийг цогцлоох болно.
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.
Баярлалаа.
