МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: Барилгын салбарын гол саад нь зах зээл биш систем нь

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхантай барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, зөвшөөрлийн тогтолцооны асуудал, олон улсын туршлага болон цаашдын шийдлийн талаар ярилцлаа.

-Construction Market Forum энэ жил ямар онцлогтой болж байна вэ?

-Construction Market Forum энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Бид форумаа энгийн хэлэлцүүлэг биш, салбарыг чиглүүлэх манлайлагч форум болгох зорилготой. Өнөөдөр манайд форум, уулзалт олон болдог ч бодит шийдвэр, үр дүн гардаггүй, хариуцлага тодорхой бус үлддэг байдал түгээмэл байна. Тиймээс энэ удаагийн форумын гол зорилго бол салбарын нэгдсэн байр суурь гаргах бодлогын санал боловсруулах хамтын шийдэл тодорхойлох юм.

-Форумын дараа бодит үр дүн гарна гэж ойлгож болох уу?

-Тийм. Бид энэ удаа заавал гурван бодит үр дүн гаргахыг зорьж байна.

Нэгдүгээрт, Салбарын байр суурь (Position Paper) – зах зээлийн бодит дүгнэлт, тулгамдсан асуудал, шийдлийн санал.

Хоёрдугаарт, Засгийн газарт өгөх бодлогын санал – ялангуяа зөвшөөрлийн тогтолцоо, тендерийн бодлого, санхүүжилтийн орчин.

Гуравдугаарт, салбарын дотоод зорилт – ёс зүй, хамтын ажиллагаа, стандарт. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн форум ярилцлага биш, гарцтай форум байх ёстой.

-Та салбарын өнөөгийн нөхцөл байдлыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол?

-Монголын барилгын салбар бол зах зээл нь биш, систем нь саад болж байгаа салбар.

-Барилгын компаниуд өнөөдөр юунд хамгийн их гацаж байна вэ?

Компаниуд бодит байдал дээр:

-Барилгын зураг батлах,ажил эхлүүлэх зөвшөөрлийн удаашрал

-Санхүүгийн урсгал

-Борлуулалтын сааралт гэсэн гурван зүйл дээр гацаж байна. Гэхдээ эдгээрийн суурь нь дахиад л системийн асуудал руу очиж байна. Төсөл хугацаандаа эхлэхгүй бол санхүүжилт гацна, улмаар зах зээл бүхэлдээ саардаг.

-Зөвшөөрлийн тогтолцоо эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Зөвшөөрөл удаашрахад: хөрөнгө оруулалт хүлээлтэд орно, төслүүд хойшилно зардал нэмэгдэнэ. Энэ бүхний эцсийн үр дагавар нь үнийн өсөлтөөр дамжин хэрэглэгч дээр буудаг. Өөрөөр хэлбэл, системийн үр ашиггүй байдал эцэстээ хэрэглэгчийн кармаанаас төлөгдөж байна.

-Зөвшөөрлийн системийн асуудлыг дэлхийн улс орнууд хэрхэн шийдсэн байдаг вэ?

-Дэлхийн туршлагаас харахад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл буюу permitting/approval процессыг зөвхөн хугацаагаар биш, системийн зохион байгуулалтаар шийдсэн байдаг.

Сингапур: Бүх зөвшөөрөл нэг цахим платформ дээр нэгтгэгдсэн, төрийн болон холбогдох байгууллагууд зэрэг ажилладаг, шийдвэр гаргалт хугацаатай. Хугацаа нь10–20 хоног.

БНСУ: Зөвшөөрлийн хугацааг хуульд заасан. Хэрэв хугацаа хэтэрвэл автоматаар зөвшөөрөл олгогдсонд тооцдог.

Дубай: Стандарт төслүүдийг урьдчилан баталж, шуурхай (fast-track) процессоор 5–7 хоногт шийддэг. Эдгээр жишээнүүд нэг зүйлийг харуулж байна. Зөвшөөрлийг хурдан болгодог зүйл нь хүн биш — систем юм. Асуудал нь хуульд биш — системд байдаг.

-Зөвшөөрөл удахад үнэ өсч, хэрэглэгчдийн халааснаас тэр мөнгө гардаг гэж хэллээ. Ер нь манайд зөвшөөрөл хэдэн шат дамжлага дамжиж, хэр удаж гардаг вэ?

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь нэг байгууллагын асуудал биш, олон байгууллагын уялдаа шаардсан процесс байдаг. Манай нөхцөлд: зураг төсөл батлуулах, техникийн нөхцөлүүд (ус, дулаан, цахилгаан), экспертиз, барилгын ажил эхлүүлэх бас үргэлжлүүлэх зөвшөөрөл гэх мэтээр олон шат дамжлагаар явдаг. Хугацааны хувьд: дунджаар 6 сараас 1 жил зарим тохиолдолд түүнээс ч удаан үргэлжилдэг. Гэхдээ гол асуудал нь зөвхөн хугацаа биш: процесс нь зэрэг бус, дараалсан байгууллага хоорондын уялдаа сул тодорхой бус байдал байгаад байдагт оршиж байна. Тиймээс энэ нь “удаан процесс” ийн асуудал биш, системийн зохион байгуулалтын асуудал юм.

-Барилгын үнэ өсөхөд юу хамгийн их нөлөөлж байна вэ?

Барилгын үнэ өсөхөд олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байна.

  1. Газрын өртөг.
Өнөөдөр газар үнэгүй олгодог тогтолцоо байхгүй болсон. Компаниуд газрыг зах зээлийн өндөр үнээр худалдан авч байна. Энэ нь барилгын өртгийн суурь зардал болж байна.
  2. Системийн зардал (зөвшөөрөл) Зөвшөөрөл удаашрахад төслийн хугацаа сунж,санхүүжилтийн зардал өснө
  3. Дэд бүтцийн асуудал: Шугам сүлжээний холболтын тодорхойгүй байдал, хүчин чадлын хязгаарлалт төслийн өртөг, хугацааг нэмэгдүүлдэг
  4. Санхүүжилтийн өртөг: Зээлийн болон бондын хүү, жилийн 20–22%+ түвшинд байна. Энэ нь өртөгт хамгийн хүчтэй нөлөөлж байна
  5. Ажиллах хүч: Мэргэжилтэй ажиллах хүчний хомсдол, цалин, бүтээмжийн бууралтын дарамт нэмэгдсэн
  6. Уур амьсгал, сезон: Монголд гадна ажил хийх хугацаа жилдээ 5–6 сар. Ажлын ачаалал богино хугацаанд төвлөрдөг. Энэ зардалд нөлөөлдөг.
  7. Дулаалга, техникийн шаардлага: Монгол орон хүйтэн, эрс тэс уур амьсгалтай нь барилгын дулаалга, ханын зузаан,инженерийн шийдэл олон улсын дунджаас илүү өндөр шаардлагатай. Энэ нь материал болон өртгийг нэмэгдүүлдэг.
  8. Импортын хамаарал: Барилгын материалын ихэнх нь импортоор валютаар авч байна. Валютын ханшийн нөлөө өндөр. Барилгын үнэ өсөх шалтгаан нь газар, систем, санхүүгийн өртөг, хөдөлмөрийн зах зээл,уур амьсгалын нийлмэл нөлөө юм.

-Компаниуд зохиомлоор үнэ өсгөдөг үү?

Барилгын салбар нь өндөр өртөгтэй, урт хугацааны, эрсдэл өндөртэй салбар. Үнэ нь ихэвчлэн зардал, эрсдэл, зах зээлийн нөхцөл дээр үндэслэгдэж тогтдог. Зарим үед зах зээлийн хүлээлт нөлөөлөх нь бий. Гэхдээ нийтээр нь үнийн өсөлтийг “зохиомол” гэж үзэхээс илүү орчны болон системийн нөлөөлөлтэй холбож ойлгох нь зөв. Ил тод байдал, өрсөлдөөн сайжрах тусам зах зээл өөрөө үнийг илүү зөв тогтооно.

-Одоогийн үнэ ханш буурах боломж бий юу?

Өнөөдрийн үнэ бол бодит зардлын бүтэц дээр суурилсан үнэ. Гэхдээ энэ нь заавал хамгийн оновчтой түвшин гэсэн үг биш. Хэрэв бид зөвшөөрлийн системийг сайжруулж хугацааг богиносгож, дэд бүтцийн асуудлыг шийдэж, санхүүжилтийн өртгийг бууруулж чадвал үнэ буурах боломж бүрэн бий. Үнэ бууруулах түлхүүр нь зах зээл дээр биш-истем дээр байна.

Системээ зөв болгож чадвал барилгын үнэ бодитоор буурах боломжтой

-Инженерийн дэд бүтцийн зөвшөөрлийн асуудлыг та форумын үеэр онцолж байсан. Энэ дээр ямар шийдэл байна вэ?

-Өнөөдөр халаалт, ус, цахилгаан зэрэг дэд бүтцийн холболтын процесс нь тодорхойгүй, хүнээс хамааралтай байгаагаас эрсдэл дагуулж байна. Дэлхийн туршлагаас харахад энэ асуудлыг ил тод тариф -холболтын төлбөрийн системээр шийдсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, холболтын төлбөр нь тодорхой хүчин чадалд суурилсан,орлого нь дэд бүтцийн сан руу орж буцаад дэд бүтэцээ тэлэх хөрөнгө оруулалтад ашиглагддаг. Ийм тогтолцоонд шилжвэл процесс ил тод болно, авлигын орон зай буурч, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Үүнийг дагаад хотоо тэлэх боломж гарч ирнэ. Бид зөвшөөрлийг хүнээс хамааралтай биш,системээс хамааралтай болгох ёстой.

-Засгийн газрын шинэ бодлогыг та хэрхэн харж байна вэ?

-Засгийн газраас зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, бизнесийг чөлөөлөх зорилт дэвшүүлж байгаа нь маш зөв. Энэ бол бүх салбарын хувьд шинэ боломж. МБҮА энэ бодлогыг дэмжиж, хэрэгжилтэд оролцоно.

-Хувийн хэвшлийн зүгээс юуг өөрчлөх ёстой вэ?

-Бид зөвхөн төрөөс шаардах биш, өөрсдөө ч өөрчлөгдөх ёстой. Зарим тохиолдолд системийн хүндрэлээс зайлсхийж, түр хугацаанд асуудалыг гал унтраах байдлаар шийдсээр ирсэн нь түгээмэл зүйл болсон.

-Барилгын чанар, стандартын талаар та юуг онцлох вэ?

-Өнөөдөр бид барилгын салбарын хувьд олон арван сорилттой боловч боломж дүүрэн цаг үед байна. Зах зээл өөрчлөгдөж, өрсөлдөөн улам нэмэгдэж байна. Хэрэглэгчдийн шаардлага ч улам өндөр боллоо. Энэ бүгд нэг зүйлийг илэрхийлж байна. Салбар шинэ шатанд гарч байна . Барилгын салбар бол зөвхөн бетон, арматурын тухай ойлголт биш юм. Энэ бол технологи,стандарт, иж бүрэн инженерийн системийн нийлбэр юм. Ирээдүйд энэ салбарт амжилттай байхыг зөвхөн хурд тодорхойлохгүй. Харин ухаалаг шийдэл,чанар, стандарт тодорхойлно. Монголын барилгын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд салбарын компаниудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал. СТАНДАРТ ГЭДЭГ БОЛ зөвхөн төрөөс тавьдаг шаардлага биш. Энэ бол салбар өөрөө хамтдаа тогтоож, хамтдаа мөрдөж, хамтдаа хамгаалдаг ҮНЭТ ЗҮЙЛ юм.

-Салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Хэрэв бид системээ зөв болгож стандартдаа анхаарч хамтын шийдэлд хүрч чадвал салбар өснө, хотууд хөгжинө. Эцсийн дүндээ Монгол Улсын хөгжил урагшилна

Ярилцсан сэтгүүлч Д.Оюунтуяа

Хавсралт үзэх