МБҮА ТББ СТРАТЕГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДЭД ҮНДЭСНИЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ОРОЛЦООГ БОДЛОГЫН ТҮВШИНД ДЭМЖИХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Барилгын салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, дэд бүтцийн хөгжил, ажлын байрны тогтвортой байдалд стратегийн ач холбогдолтой, ажиллах хүчний шингээлт өндөртэй салбарын нэг билээ.

✅2020–2024 оны хугацаанд дотоодын барилгын байгууллагууд нийт 31.6 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үүний 95.3 хувийг хувийн хэвшлийн үндэсний компаниуд хэрэгжүүлсэн нь Монголын барилгын салбарын бодит чадавх, туршлагыг харуулж байна.

✅Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын төслийн эхний шатны одоогоос 10 гаруй жилийн өмнө хэрэгжүүлсэн барилга бүтээн байгуулалтын ажилд Монголын 70 гаруй аж ахуйн нэгжүүд шууд бус болон олон шат дамжсан хэлбэрээр оролцож, төслийн тодорхой гүйцэтгэлүүдийг хэрэгжүүлсэн хэдий ч нийт эдийн засгийн үр өгөөжөөс хязгаарлагдмал хэмжээнд хүртсэн туршлага бий.

✅Иймд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад стратегийн томоохон төслүүдийн хүрээнд үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогын түвшинд дэмжих чиглэлээр дараах саналуудыг хүргүүллээ.

⚖️Үүнд:

📌Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих стратегийн төслүүдийн зээлийн болон хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн оролцоог тодорхой хувь, багц, чиглэлээр тусгах;

📌Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих стратегийн төслүүдийн зээлийн болон хамтын ажиллагааны хэлэлцээрийг боловсруулах шатанд үндэсний хувийн хэвшлийн санал, бодит чадавхыг тусгах чиглэлээр салбарын мэргэжлийн холбоодтой тогтмол хамтран ажиллах механизмыг бүрдүүлэх;

📌Ерөнхий гүйцэтгэгч компаниуд Монголын аж ахуйн нэгжүүдтэй шууд хамтран ажиллах, түншлэх зохицуулалтыг хэлэлцээрийн түвшинд тусгах;

📌Тендерийн шалгуур үзүүлэлтийг үндэсний компаниудын бодит чадавх, туршлагад нийцүүлэн боловсруулах, мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг тусгах механизмыг бүрдүүлэх;

📌Үндэсний аж ахуйн нэгжүүдийг консорциум хэлбэрээр нэгдэн оролцох боломжийг бодлогоор дэмжих;

📌Стратегийн төслүүдийн хүрээнд технологи дамжуулах, инженер техникийн чадавх бэхжүүлэх, үндэсний компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтолцоог үе шаттай бүрдүүлэх.

📌МБҮА ТББ нь стратегийн төслүүдийн хэрэгжилтэд олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ үндэсний аж ахуйн нэгжүүдийн бодит оролцоо, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын чухал хэсэг гэж үзэж байна.

Хавсралт үзэх