Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий ТББ-уудын үйл ажиллагааны талаар олон нийтийн цахим сүлжээнд гарсан нийтлэл, мэдээ, телевизэд өгч буй ярилцлага зэрэгт Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны талаар хувь хүн, албан байгууллагын нэрийг цохон гүтгэх, олон нийтэд буруу ташаа мэдээллийг зохион байгуулалттай түгээж, илт гүтгэсэн, нэр хүндэд халдсан ноцтой үйлдлүүд гарч байгаад харамсаж байна.
“Барилгын тухай” хууль, Монгол Улсын үе үеийн Засгийн газрын хөтөлбөрүүд, Засгийн газрын холбогдох тогтоолуудыг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэл, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэд, олон нийтийн оролцоог хангах, хяналтыг сайжруулах зорилтуудын дагуу барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо ТББ, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо ТББ, Инженер геологичдын холбоо ТББ, Барилгын төсөвчдийн холбоо ТББ, Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо ТББ гэсэн 7-н төрийн бус байгууллага түншлэн Барилга, хот байгуулалтын Сайдын 2020 оны 18 дугаар тушаалаар 5 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
2021.07.01-ний өдрөөс эхлэн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр аж ахуйн нэгж, байгууллагууд нь барилгын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.mcis.gov.mn цахим системээр дамжуулан ирүүлж байна.
Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа нь бүрэн цахимд шилжсэнээр барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт гаргах, хянах, шийдвэрлэх үйл ажиллагаа нь ил тод нээлттэй, ААНБ-ууд нь өөрийн хүсэлтийг хаана, хэнд, хэрхэн шийдвэрлэгдэж, ямар төлөвтэй явж байгааг харахаас гадна, цаасан материал бүрдүүлэлт ихтэй, ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагаа авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа шаардсан, мэдээллийн үнэн зөв, баталгаат байдал хангалтгүй, мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй зэрэг асуудлуудыг бүрэн шийдсэнээр давуу талтай болно.
Барилгын тусгай зөвшөөрөл хүсэгч ААНБ-ууд нь хүсэлтээ цахимаар илгээсний дагуу хүсэлтийг хүлээн авч, материалын иж бүрдэл болон суурь нөхцөл, шаардлага хангаж байгаа эсэхийг хуульд заасан хугацаанд нь хянаж, хууль болон гэрээнд заасан шаардлагыг тавьж ажилладаг болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ,
Монголын Барилгын Инженерүүдийн холбоо ТББ
Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын холбоо ТББ,
Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын холбоо ТББ,
Инженер Геологичдын холбоо ТББ,
Барилгын Төсөвчдийн холбоо ТББ,
Өргөн Тээвэрлэх Машин Төхөөрөмж Үндэсний холбоо ТББ
2023.02.14