Монгол Улсын хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй өрнөж байгаа энэ цаг үед аж ахуйн нэгжүүдийн хувьд зарлагдаж байгаа тендерт хэрхэн оролцох, ямар шалгуур нөхцлийг хангасан байх ёстой, ямар бэлтгэл ажлыг хийх вэ гэдэгт мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх үүднээс МБҮА ТББ нь Сайн худалдан авалтын зөвлөх НҮТББ-тай хамтран Тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулалт сэдэвт сургалтыг 2026.02.11-ны өдөр гишүүн байгууллагуудынхаа хүрээнд зохион байгууллаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд зарлагдаж буй бүх тендер тухайн жилийнхээ 5 сард зарлагдаж дуусдаг бөгөөд энэ хугацаанаас өмнө аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн оролцохоор сонирхож буй тендерт оролцдог билээ.
Нийслэлийн хувьд энэ жил 04.15-ны өдрөөс өмнө бүх тендерүүдээ зарлаж дуусахаа мэдэгдсэн бөгөөд уг хугацааны өмнө нийслэлээс зарлагдаж буй тендерүүдэд ч оролцох боломжийг хангах үүднээс худалдан авах ажиллагааны мэдлэгийг бэхжүүлэх, практик зөвлөгөө, мэдээлэл, хууль эрх зүйн өөрчлөлт, тендерийн өгөгдлийн хүснэгт дээр хэрхэн ажиллах, техникийн тодорхойлолт, тендерийн үнэлгээний шалгуур үзүүлэлт, гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл, гомдол гаргах, хянан шийдвэрлэх процесс, тендер шалгаруулалт зохион байгуулахад анхаарах асуудлын талаар тодорхой мэдээллийг хүргэлээ.

