БАРИЛГЫН ТӨСӨВ, ҮНЭ БҮРДЭЛТ” СУРГАЛТЫГ ДАРХАН-УУЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй, МБҮА ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл II” төсөл нь Барилгын төсөвчдийн холбоо ТББ-тай хамтран “Барилгын төсөв, үнэ бүрдэлт” сургалтыг 2026.03.13-нд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг барилгын салбарын ААНБ, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах багц хөтөлбөрийн хүрээнд, тэдгээрийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан, барилгын улирлыг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сургалтыг МБҮА ТББ-ын Дархан-Уул салбарын тэргүүн С.Дэлгэрбаяр: “Энэхүү сургалтыг барилгын салбарын ААНБ, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдгээрийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохион байгуулж байгаагаараа онцлог” гэдгийг дурдлаа.

Барилгын Төсөвчдийн Холбооны Тэргүүн Ү.Банди сургалтыг удирдан явуулж, барилгын төсөв гаргахдаа шинжлэх ухааны үндэслэл, тодорхой арга аргачлалд суурилж, үнэн зөв, бодитой тооцоолох нь зүйтэй. Ингэхэд барилгын төсөвчнөөс мэргэжлийн ур чадвар, уйгагүй хөдөлмөр, зөв хандлага, ёс зүйтэй байхыг шаарддаг талаар оролцогчдод зөвлөлөө.

Мөн сургалтаар төсвийн нормын бүтэц агуулга, бусад үнэ тарифыг хэрэглэх, Төсөвчний үүрэг хариуцлага, анхаарах асуудлууд, Төсөв зохиох ерөнхий дараалал, төсвийн тооцооны зарчим, Барилгын ажлын тарифт цалин, машин цагийн үнэ, материалын үнийн сонголтын талаар онцоллоо.

Түүнээс гадна барилгын төсөв, үнэ бүрдэлтийн чиглэлээр мэргэшиж буй, мэргэшихийг зорьж байгаа инженерүүд нь барилгын ажил гүйцэтгэх технологи, угсралтын стандарт зэргийг зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Аливаа барилга байгууламжийн төсвийг зөв тооцоолохын тулд анхнаасаа зурагтайгаа сайтар ажиллах хэрэгтэй. Учир нь тухайн барилгын чанар, ашиглалтад оруулах хугацаа, бүтээмж зэрэг нь төсвөөс шууд хамааралтай байдгийг нэмж мэдээлэв.

 Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн салбарынханд Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын албанаас Дархан-УУл аймгийн 2026 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөв хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Мөн Дархан төмөрлөг ХХК-ийн зүгээс үйл ажиллагааны танилцуулгаа хийгээд бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан барилгын салбарынханд зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргасанаа танилцууллаа.

Хавсралт үзэх