МБҮА ТББ нь байгуулагдсан цагаасаа байгууллага, хамт олны нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж, гишүүдийн харилцан ойлголцол, хүндлэл, эв нэгдэл, шударга зарчим дээр тогтож ирсэн бөгөөд 2025 онд Сэлбэ дэд төвийн орон сууцны төслийн тендерт Монгол компаниуд оролцох боломжгүй нөхцөл шаардлага тавьсан байсныг Нийслэл, Улаанбаатар хотын ЗДТГ болон төслийн нэгжтэй олон удаагийн хэлцэл, уулзалт хийж улмаар Үндсэн хуулийн цэц, Төрийн гурван өндөрлөгт өргөх бичиг барьж зөвшилцлийн үр дүнд хамтран ажилласанаар манай гишүүн байгууллагууд ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч чадсан билээ.
2026 оны бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан тус төсөлд шалгарсан Монкон констракшн ХХК, Нутгийн буян ХХК, Професионалстрой ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчид болон Девелопер, Гүйцэтгэгчид, Ханган нийлүүлэгчдийн бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, Сэлбэ хотод хэрэгжих боломжтой төсөл, хамтын ажиллагаа, түншлэл бий болох, мэдээлэл солилцох Өглөөний ажил хэрэгч уулзалтыг гишүүн байгууллагуудынхаа дунд 2026.03.25-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар МБҮА ТББ-ын зүгээс Гишүүн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тус төсөл хөтөлбөрт тавигдаж буй нөхцөл шаардлагыг хэрхэн хангах, улмаар дотоодын барилгын материалын норм дүрэм, стандартыг нэг ойлголтод хүргэх тал дээр холбогдох яам, төрийн байгууллага болоод салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна гэдгээ илэрхийллээ.




