Барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын компаниуд, үйлдвэрлэгчид, мэргэжилтнүүд нэг дор цуглаж, сүүлийн үеийн техник, технологи, шийдлүүдээ танилцуулдаг BUILD MONGOLIA 2026 үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2026.04.09-ны өдөр болж Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Сэргээгдэх Эрчим Хүч Үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар нар нар үг хэлж нээлээ.
✅Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн нь салбарын аж ахуйн нэгжүүдийн хооронд түншлэл тогтоох, туршлага солилцох, шинэ бизнесийн боломжуудыг эхлүүлэх бодит орчинг бий болгодог бөгөөд гурван өдрийн турш төв тайзнаа салбарын мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгууд үргэлжилдэг билээ.
✅Уг арга хэмжээний нээлтэд МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь та бүхэндээ хүргэж байна.
📌Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, төр, хувийн хэвшлийн эрхэм түншүүд, салбарын мэргэжилтнүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Build Mongolia 2026 олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд уригдан оролцож, та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.
✅Өнөөдөр бид барилгын салбарын хувьд сорилттой боловч боломж дүүрэн цаг үед байна. Зах зээл өөрчлөгдөж байна. Өрсөлдөөн нэмэгдэж байна. Шаардлага өндөр болж байна.
Гэхдээ энэ бүхэн нэг зүйлийг илэрхийлж байна.
✅Салбар шинэ шатанд гарч байна. Өнөөдрийн барилгын салбар бол зөвхөн бетон, төмөр биш. Энэ бол технологи, стандарт, системийн нийлбэр болж байна. Ирээдүйд энэ салбарт амжилттай байхыг хурд тодорхойлохгүй. Харин ухаалаг шийдэл, чанар, стандарт тодорхойлно.
✅Тиймээс өнөөдрийн энэ үзэсгэлэн бол зүгээр бүтээгдэхүүн танилцуулах талбар биш,харин барилгын материал, технологийн талаар хэрэглэгчдэд ил тод, бодит мэдээлэл хүргэх, чанарын тухай ойлголтыг дээшлүүлэх чухал боломж юм.
Мөн энэ үзэсгэлэн нь салбарын дотоод өрсөлдөөнийг чанарын өрсөлдөөн болгох, зах зээлд зөв шалгуур тогтоох ач холбогдолтой.
✅Нөгөө талаас, Монголын барилгын стандартыг олон улсын түвшинд хүргэхэд салбарын компаниудын оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал.
✅СТАНДАРТ ГЭДЭГ БОЛ зөвхөн төрөөс тавьдаг шаардлага биш. Энэ бол салбар өөрөө хамтдаа тогтоож, хамтдаа мөрдөж, хамтдаа хамгаалдаг үнэт зүйл юм.
✅Энэ чиглэлд МБҮА нь салбарын оролцогчдыг нэгтгэсэн, нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан платформ байж, чиглүүлэгч үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бид үзэж байна. Энэ үүргээ зохих ёсоор биелүүлсээр ч ирлээ.
✅Иймд та бүхнийг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
Бид нэг чухал зүйлийг ойлгох ёстой. Бид барилга барьж байгаа биш, МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ОРЧНЫГ БҮТЭЭЖ БАЙНА.
✅Иймээс салбарын бүх оролцогчдод хандаж
📌Технологио шинэчилье
📌Чанараа сайжруулъя
📌Стандартаа баримталъя
📌Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалж байна.
Монголын барилгын салбар
хамтын хүчээр илүү өндөр түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.


