Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам сайд Э.Бат-Амгалан Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нарыг хүлээн авч уулзан, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 8-9 сард зохион байгуулагдах “Барилгын салбарын Бэсрэг наадам”-ыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцэв. Талууд энэхүү арга хэмжээ нь барилгын салбарын инженер, архитектор, мэргэжилтэн, ажилтнуудыг нэгтгэж, үндэсний өв соёл, спортын уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ салбарын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Мөн уулзалтаар барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн Барилгын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд салбарын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн тусгах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
Энэхүү уулзалт нь барилгын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын хөгжлийг дэмжих бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо.
